05.18

Нас барсан хүүхдийн гэрчилгээг авсан этгээд олдсонгүй

Налайх дүүргийн иргэн Б.Ариунсувд гэгч эмэгтэй 2004 онд ЭХЭМҮТ-д дутуу төрөлтөөр 700 грамм охин төрүүлжээ. Улмаар охин нь амьдраагүй аж. Гэтэл 11 жилийн дараа амьдраагүй охин нь гэнэт амьд гэх бүртгэл гараад иржээ.
Учрыг лавлаж, хороон дээр очиж бүртгэл шүүлгэхэд, Б.Ариунсувд овогтой Сарнай гэсэн охины гэрчилгээ гараад ирсэн байна. Чухам яагаад гэрчилгээ энэ тэртэй хүүхэд гараад ирэв гэж хайн сураглаж явтал, Б.Ариунсувдын хадам аав, ээжийн гарын үсгийг дуурайлгаж зураад охинд төрсний гэрчилгээ авсан байжээ.
Гэтэл аав, ээжийнх нь гарын үсэг биш, хэн ингэж амьдраагүй охинд нь хуурамчаар төрсний гэрчилгээ авсан байх уу хэмээн Улсын бүртгэлийн Ерөнхий газар, ЭХЭМҮТ зэрэг холбогдох газруудаар нь явтал, тухайн үед төрсөн хүүхдийн эрүүл мэндийн картаар төрсний гэрчилгээ авсан гэх хуулбар байна гэсэн ч эх хувь нь олдоогүй гэнэ.
Тэгээд БСШУЯ-аар орж шүүлгэтэл “Ийм нэртэй хүүхэд сургуульд суугаагүй, бүртгэлгүй юм байна” гэсэн хариу өгчээ. Ингээд охины аав, ээж “Хэн нэгэн миний охины нэрийг гэрчилгээний хамт ашиглаж яваа юм биш биз” гэсэн хардлага төрж дахин сайтар шалгатал энэ талаар мэдэх ганц ч хүн олдоогүй байна.
Холбогдох газрууд нь бие бие рүүгээ чихэж, дахин өргөдөл гаргаж өг хэмээн чирэгдэл явуулга болгоод байгаа талаар Б.Ариунсувд ярьж сууна.