05.19

Үзлэг оношилгоонд 184 мянга гаруй тээврийн хэрэгслийг хамруулсан

- 43 АВТО БААЗЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРЫГ ХАМРУУЛСАН УУЛЗАЛТ ЗОХИОНО

- Авто тээврийн үндэсний төвийн Техникийн хяналт бүртгэл хариуцсан дэд захирал Т.Баясгалантай ярилцлаа

-Авто тээврийн хэрэгсэлд үзлэг оношилгоо хийх ажлыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлүүлсэн. Одоогоор хэчнээн жолооч машинаа үзлэг оношилгоонд бүрэн хамруулсан бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Манай байгууллага авто тээврийн хэрэгслийг оношилж, техникийн үзлэгт хамруулж замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн гэрчилгээ буюу оношилгооны наалт олгодог. Өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн яамнаас тавдугаар сарын 97720 тээврийн хэрэгслийн хяналтын гэрчилгээг хүлээн авч 21 аймаг болон нийслэлийн дүүрэгт тараасан. Энэ сарын 14-ний байд- лаар улсын хэмжээнд 184 мянга гаруй тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэг оношилгоонд хамруулсан байна. Улаанбаатар хотод л гэхэд 100556, орон нутагт 83521 тээврийн хэрэгсэл үзлэг, оношилгоондоо бүрэн хамрагдсан байгаа юм.

-Иргэд тээврийн хэрэгслээ үзлэгт хамруулахдаа хойрго ханддаг гэж албаныхан шүүмжилдэг. Энэ удаад ямар байна вэ?

-Энэ жилийн хувьд иргэд идэвхтэй оролцож байгаа. Авто тэврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо хийх ажлыг бүтэн жилийн турш явуулдаг. Гэтэл иргэд тав, зургадугаар сард буюу хаврын улиралд автомашинаа техникийн үзлэгт хамруулна гээд хэт их ачаалал үүсгэдэг.

-Жолооч нар автомашинаа техникийн үзлэгт хамруулахгүй танил талаараа дамжуулж, тухайн онд автозамын хөдөлгөөнд оролцох наалтаа авчихдаг тал бий. Үүнд ямар хяналт тавьж ажилладаг вэ?

-Манай төвийн хувьд хууль бусаар үзлэг оношилгоо явуулж, журам зөрчсөн асуудал байхгүй. Учир нь, үзлэгийн төвүүдийг бүрэн камержуулсан. Хяналт, шалгалтын ажлыг тогтмол хийдэг. Харин хувийн хэвшлийн гурван аж ахуйн нэгж байгууллагын хоёрт нь ийм явдал гарсан. -Ямар аж ахуйн нэгж байгууллага вэ? “Монгол терминал”, “Вива трейд” гэсэн хоёр газарт энэ асуудал үүссэн. Хуулийн хүрээнд шалгаад, Зам тээврийн яаманд хариуцлага тооцуулах албан бичгийг хүргүүлсэн.

-Авто тээврийн үндэсний төв автомашины шилжилт хөдөлгөөнийг бүртгэж эхэлсэн. Энэ талаар тодруулна уу?

-Орон нутаг руу худалдаалсан машины дугаарыг Улаанбаатар хотод нь үлдээгээд тухайн аймгийн дугаар авахаар бол шинэчлэн олгодог. Улсын бүртгэл хөтлөх, дугаар олгох ажлыг манай төв энэ жилээс хариуцан ажиллаж байна.

-Автомашины дугаарыг хаанаас авах вэ?

-Техникийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох ажлыг манайх хариуцдаг. Машинаа техник хяналтын үзлэг оношилгоонд хамруулчихаад бүртгэлийн газарт очиж улсын дугаараа авдаг. Улсын хэмжээнд дугаар олгодог зургаан цэг байдаг. Тодруулбал, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Циркийн орчим, Амгалан плаза, Да хүрээ техникийн захад бий. Олон цэг ажиллаж байгаа нь давуу талтай. Иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор амралтын хоёр өдөр ч ажилладаг.

-Азын дугаар сая төгрөгөөс дээш ханштай гэсэн яриа иргэдийн дунд байдаг. Ер нь автомашины дугаарыг хэдэн төгрөгөөр авдаг юм бэ?

-Манай төв тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэг удаа гаргадаг. Харин эзэмшигч солигдвол шинэ гэрчилгээ олгодог болсон. Улсын хилээр шинэ машин оруулж ирээд тээврийн хэрэгсэлд гэрчилгээ авахад нийтдээ 6000 төгрөг хэрэгтэй болно. Хэрэв машиныхаа гэрчилгээг хаячихаад нөхөж авбал тэмдэгтийн хураамж 28800 төгрөг болдог. Шилжилт хөдөлгөөнийг нөхөж олгоход 21000, улсын дугаараа 31000 төгрөгөөр солино.

-Энэ онд Авто тээврийн үндэсний төвийн 90 жилийн ой тохиож байна. Ойгоо угтаж ямар ажил зохион байгуулж байна вэ?

-1925 оны долдугаар сард Тээх нэвтрүүлэх төв нэртэйгээр анх байгуулж үүссэн түүхтэй. Энэ оны долдугаар сард Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохионо. Ойгоо угтсан олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Авто тээврийн салбараас төрсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчдийг оролцуулсан нэвтрүүлэг хийж, 43 авто баазын үе үеийн дарга нарыг хамруулсан уулзалт зохионо. Авто замын хөдөлгөөний аюулгүй байдал олон улсын онол практикийн бага хурлыг хийсэн. Ирэх сард “Авто тээврийн салбарын шинэ үе” гэсэн хурлыг зохион байгуулахаас гадна ойн өдрөөр баярын хурал, тоглолт, үндэсний бөхийн барилдаан хийхээр төлөвлөөд байна.

С.ИЧИНХОРЛОО