Хөлөрнө гэдэг нь хүний физиологийн үндсэн үйл ажиллагааны нэг. Хүн өдөрт 2,5-3 литр орчим шингэнийг хөлс, шээс, шүлс, нулимсаар гаргаж байдаг. Арьс хэрэггүй шингэнээ гаргаж байдаг. Хүний арьсанд хөлсний булчирхайнаас арьсны гадарга руу гарсан суваг байна .Халууцахаар энэ суваг тэлэгдэж тавигдаад дотор нь байсан шингэн ууршин биеийг хөргөдөг. Хөлрөмтгий эсвэл хөлрөхгүй байх нь тухайн хүний мэдрэлийн системийн онцлог, хэлбэрээс их шалтгаалдаг. Ер нь хөлс янз бүр байдаг. Их хөлөрдөг, бага хөлөрдөг хүн байдаг. Тэр нь хөлсний булчирхай нь ямар байхаас шалтгаална. Мөн бамбай булчирхайн үйл ажиллагаа хэр идэвхтэй байна гэдгээс хамаарна . Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн ургаль мэдрэлээс парасимпатик үйл ажиллагаа нь давамгайлсан байх юм бол гарын алга хөлөрдөг. Энэ үед эм ууж, гайгүй болохгүй бол бүр хагалгаа хийж тэр хэсгийн ургаль мэдрэлийг тасдах хүртэл хөлрөхийг нь багасгадаг арга байдаг.
Хөлрөх нь дараах тохиолдлуудад ихэсдэг гэнэ.
• Халуун хоол унд идэж уух, биеийн хүчний ажил, дасгал хийх, халуун орчинд байх үед хүний биеийн дулаан нэмэгдэж халууцдаг. Yүний үр дүнд биеийн бодисын солилцоо нэмэгдэж, задралын эцсийн бүтээгдэхүүн болох ус нь хөлс болж гадагшилснаар биеийн дулаан тогтвортой хэмд хадгалагдана
• Гэнэт айж цочих, хүчтэй өвдөх үед
• Цэвэршилтийн үед болон хүнд өвчнөөр өвдсөний дараа, төрсний дараа, хордлого ихтэй өвчин, зүү эмчилгээний дараа мөн төв мэдрэлийн тогтолцооны тэнцвэр зохицуулалт алдагдсанаас хүн хөлрөмтгий болдог.
Хөлсөөр бодисын солилцоонд үүссэн задралын бүтэц болох ус, эрдэс бодис, уураг, шээсний хүчил, эмийн бодис, эсрэг биет зэрэг хүний биед ашигтай болон хортой олон бодисууд гадагшилдаг. Хэт их хөлөрдөг хүмүүс хөлсөөрөө эрдэс бодис болон бусад хэрэгцээт бодисуудаа гадагшлуулснаар амархан ядарч сульдан, шөрмөс нь татах сөрөг нөлөөтэй. Ийм тохиолдолд шингэн зүйл сайн уух хэрэгтэй.
Ер нь хүн тодорхой хэмжээгээр хөлөрч байх нь биед сайн.