05.19

Автомашинаа ачуулсан жолоочийг 60-110 мянган төгрөгөөр торгох саналыг гаргажээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хурал даанаар “Автозамын нэгдүгээр эгнээнд хууль зөрчин байрлуулсан автомашиныг ачиж журамлах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж энэхүү төслийг батлахаа түр хойшлууллаа. Цагдаагийн ерөнхий газрын даргын баталснаар автомашинаа нэгдүгээр эгнээнд байрлуулсны улмаас ачуулсан жолоочийг 55 мянган төгрөгөөр торгодог. Тэгвэл журмыг шинэчлэн батлах ажлын хэсгийн төлөвлөснөөр торгуулийн хэмжээг нэмэхээр болжээ. Тодруулбал, жижиг оврын автомашин 60, жийп 70, том оврын автомашины жолоочийг 110 мянган төгрөгөөр торгох саналыг гаргалаа. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожийн хэлж буйгаар торгуулийн хэмжээнд ажилтнуудын цалин хөлс, чирэх машины элэгдэл, хорогдол, шатахууны болон зогсоолын төлбөрүүд багтаж байгаа аж. Мөн гүүрэн дээр, доор, автобусны буудлын ойролцоо, төмөр замын гарам, явган хүний гарц, уулзварын ойролцоо байрлуулсан болон жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн, хэт ядарсан байвал автомашиныг ачиж торгох юм байна.

М.ЭНХ