Засгийн газар болоод харьяа байгууллагуудын гаргасан шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хэлэлцдэггүй болгох хуулийн төслийг ХЗДХЯ-наас боловсруулжээ. Энэхүү хуулийн төслөө ХЗДХЯ-ны албан ёсны цахим хуудсанд байршуулсан байна. Хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй байхаар өөрчлөлт оруулна гэжээ. Өөрөөр хэлбэл, төрийн алба хаагчийг удирдах албан тушаалтан нь халчихвал шүүхэд маргах боломжгүй, нэг ёсны төрийн байгууллага хууль зөрчсөн шийдвэр гаргавал хяналт тавих боломжгүй болгож байна гэсэн үг юм.
Хууль батлагдвал, Төрийн албаны маргаанаас гадна хууль бусаар ашигт малтмалын зөвшөөрөл лиценз олгосон байлаа гэхэд энэ асуудлыг захиргааны хэргийн шүүхээр шийдэх боломжгүй болох юм.
Захиргааны ерөнхий хуулинд өөрчлөлт оруулах хамгийн гол шалтгааныг хувьчлалтай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, Төрийн банк, хөрөнгийн бирж, монгол шуудан зэрэг ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлахдаа зэхэж байгаа хэрэг гэж зарим судлаачид тайлбарлаж байна.
Хэрэв томоохон төрийн өмчид компаниудыг хувьчлахдаа засгийн газар хэн нэгэнд давуу байдал олгож, шударга бус шийдвэр гаргалаа гэхэд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл, хууль бус шийдвэрийг нь захиргааны хэргийн шүүх цуцалчихвал хувьчлал хүчингүй болно. Харин захиргааны ерөнхий хуулинд өөрчлөлт оруулснаар өмч хувьчлалыг яаж ч шийдсэн маргах, хууль бус шийдвэрийг цуцлах боломжгүй болно гэсэн үг.
Жишээлбэл, Төрийн банк өнгөрсөн онд 12.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. МИАТ 2015 оноос хойш ашигтай ажиллаж байгаа. 2017 онд гэхэд Монгол Улсад 6.3 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалд 6.2 тэрбум төгрөг төлжээ. Энэ мэтээр ашигтай ажиллаж байгаа ч томоохон компаниудыг хувьчлахаар зэхэж байгаа нь хардлага дагуулж байгаа. Зарим эх сурвалжуудын мэдээллээр аль хэдийнээ эдгээр компаниудыг хувьчилж авах эзэд тодорсон гэх мэдээлэл гараад байна. Засгийн газар хувьчлалд бэлдэж захиргааны ерөнхий хуулийг өөрчлөх гээд байна гэх хардлага үүсээд байна.
Засгийн газар болон аймаг нийслэлийн засаг дарга, холбогдох байгууллагын шийдвэрийг шүүх засаглалаас хараат бус болгох хуулийн төслийг боловсруулж дууссан. Харин одоо яаралтай журмаар хэлэлцүүлэхээр зэхэж байгаа гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, наадам гэх мэт олны анхаарлын суларсан үед энэ хуулийг батлах санаархал байна гэж хууль зүйн салбарын судлаачид ярьж байна. Хэрэв энэ хууль батлагдвал төрийн аливаа шийдвэрийг эсэргүүцэж цуцлуулах эрх зүйн орчин үгүй болно гэдгийг хуульчид сануулж байна.
Тодруулбал, Төрийн байгууллагын тушаал шийдвэрийг захиргааны хэргийн шүүх биш харин үндсэн хуулийн цэц шийддэг болох талаар яригдаж байна. Гэвч үндсэн хуулийн цэц нь маргаан шийддэг субъект биш. Зөвхөн үндсэн хуулинд нийцэж байгаа эсэхийг шийдэх хуультай.
Үүнийгээ ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан "Засгийн газар эрхийнхээ хүрээнд Захиргааны ерөнхий хуулинд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан" гэж тайлбарлаж байна.
Энэ оны эхээр шүүх байгууллагаруу чиглэсэн улс төрчдийн дайралт эрчээ авсан. Ялангуяа захиргааны хэргийн шүүгч, шүүхийг харлуулж байв. Шалтгаан нь одоо тодорхой болж байна. Захиргааны хэргийн шүүхэд ирсэн маргааны дийлэнх нь иргэний талд шийдэгдэж төрийн байгууллагын буруу болсон судалгаа бий. Өөрөөр хэлбэл засгийн газарт дураараа дургих боломжийг захиргааны хэргийн шүүх хааж байжээ.
Б.Анир
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/250f42b4g