“MCS”-ийн охин компани болох “Энержи ресурс”-ын Ухаа худаг төсөл 2010 онд Хонконгийн хөрөнгийн биржид “Mongolian Mining Corporation” буюу MMC нэрээр IPO хийж, хувьцаагаа гаргасан байдаг. “Mongolian Mining Corporation”-ий хувьцаа тухайн үед 7,02 хонконг доллараар арилжаалагдаж байсан бөгөөд хувьцаа гаргаснаар тус компани олон улсын зах зээлээс 650 сая доллар босгож байсныг мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Мэдээж, “MCS” цаашлаад Ж.Оджаргал амжилттай төсөл эхлүүлснийг хэвлэл мэдээлэл, олон нийт шуугиж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Тиймдээ ч үндэсний төслөө дэмжихээр бизнес эрхлэгчид, иргэд Хонконгийн хөрөнгийн биржээс “Mongolian Mining Corporation”-ийн хувьцаанаас худалдаж авсан байдаг. Гэтэл тухайн үед 7,02 хонконг доллараар арилжаалагдаж байсан хувьцаа 0,13 хонконг цент хүрч, 54 дахин уначихаад байгаа юм. Үүнээс болж хохирсон компани, болон иргэдийн төлөөлөл бидэнд хандсаар байгаа билээ.
Тухайлбал, анх Хонконгийн биржид “Mongolian Mining Corporation” IPO хийхэд 500 мянган доллараар хувьцаа авсан байтал өнөөдөр тэр хувьцаа нь 10 мянган доллар хүрэхгүй байгаа нь бодит байдал. Үндэсний төслөө дэмжихээр өөрийн хөрөнгөө гаргасан тэр хүмүүс өдгөө амь наана, там цаана бизнес нь эхнээсээ дампуурч байна. Гэсэн ч тэд өнөөг хүртэл MMC-ийн хувьцаа сэргэнэ гэсэн хүлээлттэй байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.
Энэ хүлээлт талаар болоогүй байхыг үгүйсгэхгүй. Учир нь өнгөрсөн жилээс нүүрсний үнэ сэргэж эхэлснээр MMC (Ухаа худаг төсөл) 2017 онд 130 сая долларын ашигтай ажилласан байна. Гэтэл олон улсын хөрөнгийн биржид компанийнхаа 20 гаруйхан хувийг гаргасан бөгөөд дийлэнх хувьцааг эзэмшигч “MCS” болон Ж.Оджаргал тэргүүтэй нөхөд “Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахгүй” гэсэн шийдвэрийг гаргажээ. Энэ төсөл яах ч аргагүй “MCS”-ийн охин компани учраас Ж.Оджаргалд хамаарахгүй байна гэдэг боломжгүй. Ийнхүү өнгөрсөн онд хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй хувьцаа эзэмшигчид 2018 оны эхний хагаст ногдол ашиг авч чадахаа эсэх, энэ асуудлаар хаана, хэнд хандаж, дээрх нөхдийг хэн шалгахыг мэдэхгүй байгаа юм.
Эргэн сануулахад, Ухаа худаг төслийн удирдагч 2017 онд “Bloomberg” телевизэд ярилцлага өгөх үедээ “Манай нүүрсний өртөг 1 тонн нь 45 ам.доллар” хэмээн ярьсан байдаг. Тэгвэл MMC-ийн гүйцэтгэх захирал 2018 онд мөн л “Bloomberg” телевизэд “Манай компани 1 тонн нүүрсийг 135 ам.доллараар зардаг. 2018 оны эхний хагаст 2 сая тонн нүүрс гаргачихаад байна” гэж ярьсан. Үүнээс улбаалаад тооцоо хийж үзье.
1 тонн нүүрсний өртөг 45 ам.доллараар гарч байхад 135 ам.доллараар зарахад тонн тутамд 90 ам.долларын ашигтай ажиллана гэсэн үг. Улмаар 2018 оны эхний хагаст 2 сая тонн нүүрс гаргасан гэхээр MMC 180 сая ам.долларын ашигтай ажиллаж байгаа болж таарч байна. Гэтэл Ж.Оджаргал зардлаа нэмж, ашгаа дарагдуулан луйвар хийж, Хонконгийн хөрөнгийн биржээс MMC (Ухаа худаг төсөл)-ийн хувьцаа авсан хувьцаа эзэмшигчдийг санаатайгаар хохироож, тэдний амьдралаар тоглож байгаа юу гэсэн асууулт гарч ирнэ. Түүнчлэн өдий хэрийн ашигтай ажиллаж байгаа энэ компани 2018 оны хагас жилд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс энэ асуудлыг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах цаг нь хэдийнэ болсныг дуулгая.
Г.НАРАН
Эх сурвалж: http://www.info.mn/news/91573.htm