07.18

Роналдо: Би ”Ювэнтус”-тай хамт түүхийг бүтээмээр байна


Криштиану Роналдо Италийн "Ювэнтус" багт 112 сая еврогоор очоод байгаа билээ. Тэрбээр шинэ гэрээнийхээ талаар "Маш олон шилдэг тоглогч миний насан дээр ирэхээрээ Катар юм уу Хятад руу явдаг байхад би дэлхийн хэмжээний багтай гэрээ байгуулж чадсандаа маш их баяртай байна. Би энэ насан дээрээ тамирчны замнал нь дуусна гэж бодож яваа олон тоглогчоос өөр хүн. Би бусадтай адилгүй гэдгээ харуулмаар байна. Би үнэхээр бусдаас өөр. Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөсөн үйл явдал. Учир нь би 23-тай биш 33-тай шүү дээ. Би энэ багт зүгээр суух гэж ирээгүй. Би "Ювэнтус"-тай хамт түүхийг бүтээмээр байна. Сүүлийн удаа бүх хүнд гэнэтийн бэлэг баримаар байна. Түүндээ ч итгэлтэй байна. Энэ бүхэн амаргүй гэдгийг ойлгож байгаа. Аварга болоход амаргүй ч "Ювэнтус" бэлэн байгаа. Би ч мөн адил. Нас чухал биш. Би урам зоригтой байна. Би бүхий л чадлаараа хичээх болно. Аварга шалгаруулах тэмцээнүүдийг сайн эхлүүлж, бүх тоглолтод ялалт байгуулахыг зорино. Баг маань нэг алхмыг ард яваа тул ялагч болж чадахгүй байна. Би өөрийгөө тэдний азын сахиус нь байж чадна гэж итгэж байна" гэжээ.