Үл хөдлөх хөрөнгө зуучлал манай улсад сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа. Энэ хэрээр үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компаниуд ч нэлээд олноор үйл ажиллагаа явуулах болсон. Дээрх үйлчилгээ нь үл хөдлөх зарах, худалдан авах сонирхолтой иргэдийн цаг завыг хэмнэж, ажлыг нь хөнгөвчилдгөөрөө давуу талтай. Тэгвэл сүүлийн үед энэ салбарынхан дунд нэгэн шинэ компани, тэр дундаа залуухан бүсгүй “үл хөдлөх зуучлалын Ванга” гэгдээд байгаа гэнэ шүү. Учир нь үл хөдлөх зуучлалын "Тауэр пропертис" компанийн гүйцэтгэх захирал Т.Азжаргал 2018 оны эхний хагаст салбарынхаа талаар ярилцлага өгснөөр ийнхүү нэрлэгдэх болжээ.
Т.Азжаргал 2018 оны нэгдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцладаа “Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ипотекийн 8 хувийн зээл гарахгүй нь тодорхой харагдаж байна. Энэ хоёрдугаар улиралд үл хөдлөх хөрөнгийн үнэ 10-15 хувиар унах төлөвтэй байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас гарахын тулд барилгын компаниуд маань үнийн уян хатан бодлого баримталж, борлуулалтаа эрчимжүүлэхгүй бол цаашид өндөр үнээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах эрэлт улам багасах болно. Барилгын салбар нь төр засгаас аль болох хамааралгүйгээр, зохиомол хөөрөгдсөн үнээ бууруулж үл хөдлөх хөрөнгийг эрэлтэд оруулах нь чухал болоод байна” хэмээн ярьсан байдаг.
Түүний хувьд ярилцлага өгсөн даруйдаа үл хөдлөх салбарынхан болоод эдийн засагчдаас “Салбараа мэддэггүй” гэх шүүмжлэлийг багагүй сонсоод авчээ. Тэгвэл яг зургаан сарын дараа Т.Азжаргалын хэлсэн биелэгдсэнээр ийнхүү салбарынхан нь түүнийг Ванга гэж тодотгоод байгаа аж. Учир нь өдгөө орон сууцны ипотекийн 8 хувийн зээл зогсонги байдалд ороод байгаа бол үл хөдлөх хөрөнгийн үнэ унаад байгааг ч салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Түүгээр ч үл барам байртай болохыг хүссэн иргэдийн хувьд одоо л цаг нь хэмээн мэргэжилтнүүд сануулаад амжсан. Тэгэхээр хэдхэн сарын өмнө салбарынхаа луугаруудад “Салбараа мэдэхгүй хүүхэд” хэмээн шүүмжлүүлж байсан энэ залуухан бүсгүй үл хөдлөхийн салбарын өнөөдрийн дүр зургийг аль хэдийнэ олоод харчихсан юм биш үү.