Хулгайч нарын арга бүр нарийссан бололтой. Найзтайгаа таксинд явж байхдаа л хулгай хийж гаршсан хоёр нөхрийн мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өндөр настан Б мэдээлэл өгчээ.
Тэрбээр нэгэн удаа такси барьсан бөгөөд дээрх хоёр этгээдийн машинд суужээ. Зам зуураа элдвийг ярилцсан тэд нэг нутаг ус болж хулгайч хоёр ч өөрсдийгөө Архангайн Чулуутынх гэж танилцуулжээ. Өндөр настай Б нь “Нутгийн дүү нартай сайхан танилцлаа та хоёр манайхаар ороод цай уугаад гар” гээд гэртээ дагуулаад оржээ.
Ийнхүү тэднийд орчихоод гарч явахдаа таксины жолооч нь өвгөнтэй яриа өдөж шатаар бууж явах зуур нөгөө найз нь ар хойгуур нь гэрт үлдэж хулгай хийсэн байна. Тэд өөрсдийнхөө хувийн машинаар таксинд явдаг бөгөөд байрных нь камерт дүрс бичлэг нь үлдсэн байжээ.