07.27

Эгийн голын УЦС: “Нохойн дуу” ойртсон уу

Эгийн голын усан цахилгаан станц /УЦС/-ыг барьж байгуулах ажил үндсэндээ ОХУ-ын эсэргүүцлийн улмаас удаашраад байгаа.  Гэвч энэ эсэргүүцэл буруу ташаа мэдээллээс улбаатай байсан гэжээ. Ийм ташаа мэдээллийг “Хил хязгааргүй гол ус” хэмээх ТББ олон улсын хурал дээр өмнө нь өгч байсан төдийгүй  Монгол Улсыг гүтгэсэн шинж чанартай мэдээ, мэдээллийг сошиалд тавьснаас ОХУ эсэргүүцэж эхэлсэн гэдгийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тодотгосон байх юм. Ийнхүү гүйх нойхойд гүйхгүй нохой саад гэгч болж, нэгэн ТББ-ын худал мэдээлэл энэ том төслийг олон жилээр гацаах эхлэл болсон юм биш биз...

Өнгөрсөн оны гуравдугаар сард энэ “Хил хязгааргүй гол ус” эвслийнхэн мэдэгдэл гаргаж, “Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн түүний цутгал Эгийн гол дээр Усан цахилгаан станц барих гэж байгаа нь Монголын эдийн засгийг сүйрэхэд ихээхэн хувь нэмэр оруулж , улс орныг нь дампуурахад хүргэж мэднэ” гэж байсан билээ.

Ямартай ч Эгийн голын төсөл Тавантолгойгоос дутахааргүй олон жил яригдсан.  Харин албаны эх сурвалжийн мэдээллээс харвал Эгийн голын УЦС  барихад ОХУ-ын талаас үзүүлж байсан эсэргүүцэл багассан төдийгүй, Ерөнхийлөгч В.Путин хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Эгийн гол Байгаль нуурт онцгой нөлөө үзүүлэхээгүй байгаа бол эрдэмтэд үүн дээр маргаан гаргах шаардлага юу байгаа юм бэ” гэжээ. ОХУ-ын эрдэмтэд ч бүтээн байгуулалт явагдах газар дээр биечлэн очиж  бодит байдалтай танилцсан гэнэ.

Үндсэндээ талууд харилцан ойлголцож бодит үнэн мэдээлэлтэй болжээ гэж харахаар байна.  Талууд гэдгийн тухайд бол Эгийн голын УЦС Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван хөрш орнуудын асуудал учраас тэр. Тухайлбал, Монголын Засгийн газар тус станцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тооцож буй бол, ОХУ-ын хувьд  байгаль орчин, тэр дундаа Байгаль нуурт үзүүлэх экологийн нөлөөлөлд илүүтэй анхаарч байгаа юм.

Эгийн голын УЦС бол том төсөл. Энд суурилагдах хүчин чадал нь 315 МВт бөгөөд жилдээ 606 сая квт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм. Тэгэхээр энэ нь өнөөгийн Монголын эрчим хүчний хэрэглээний гуравны нэг шахам хувийг дангаараа үйлдвэрлэх боломжтой гэсэн үг.

Эгийн голын Усан цахилгаан станц Улаанбаатар хотоос авто замаар 450 км гаруй зайд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр барьж байгуулагдана. Энэ хүрээнд 5.7 тэрбум м3 эзэлхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм.

Эгийн голын УЦС-ыг чухалчлах хэд хэдэн шалтгаан бий. Тодруулбал, өнөөдөр Төвийн эрчим хүчний системийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 92,7%-ийг дан ганц нүүрсээр ажилладаг станцууд, үлдсэн хувийг ОХУ-аас импортоор авч хангадаг. Тэгвэл усны эрчим хүчийг ашигласнаар байгаль орчинд ээлтэй, цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

Түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарт хаягдаж байгаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах онцгой ач холбогдолтой.

Нөгөө талаасаа цэнгэг нуур үүссэнээр цэвэр усны томоохон нөөцтэй болно. Монголд хамгийн сүүлд гэхэд Тайширын УЦС-ыг дагалдан бий болсон  “Гэгээн нуур” саяхан дэлхийд бүртгэлтэй болж Google map-д албан ёсоор  орсон билээ.

Усан цахилгаан станц байгуулж, томоохон нуур үүссэнээр байгалийн аялал жуулчлал, усан спортыг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж төслийнхэн хэлж байгаа.  

Монгол улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээгээ тодорхой хувьд хүргэхээр зорьж буй. Эгийн голын УЦС үүнд томоохон байр суурь эзлэх нь тодорхой.  Түүнээс гадна УЦС тэр бүр  эдийн засгийн хямрал хүндрэлд өртөөд байдаггүй учир  одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын үр ашгийг сайжруулж, төвийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах нэг нөхцөл болно.  Энэ мэт давуу тал их байна.

Саяхан БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Ц.Цэнгэл “Эгийн голын усан цахилгаан станцын ажил саадгүй явагдах зам засагдчихлаа гэж ойлгож болох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Аравдугаар сард бид хилийн усныхаа бүрэн эрхт хурлыг хийх гэж байна. Дараа нь Москва хотноо эрдэмтдийнхээ эцсийн тайланг ярина. Нохойн дуу ойртож байна гэж хэлж болно” гэж хариулжээ.

Ингэж харвал УЦС-ын бүтээн байгуулалт мөрөөдлийн хил хязгаараас давж бодит ажил хэрэг болох үе рүү шилжижээ гэж харж болохоор байна.

М.Нэргүй
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/26d616g3c