Надад өнөөдрийг авч ирсэн өвгөдийн царай шиг хөх толбыг
Нуруунаас минь арилгахгүй гэхдээ хонгон дээр минь цээрлэдэг
Харин одоо арилсан ч цусанд минь омогшил болж шингэсэн
Хангал омог сагах вий гэж зүүдэнд учралдаг аав минь
Гувруу гүйтэл ороолгуулахад өвчин зовлон үргэж зугтаад
Гуниг нөмрөх үед аав минь байсан бол гэж зориг ордог
Шар үс бостол ширтэх ухаарал хайрласан тэр харцаар
Шаналалаа мартаад урагш алхахыг одоо ч үгүйлэх юм ааваа
Хажууд байхад нь тээр шааж буруу бодолд эзлүүлээд
Хайрын тань амтыг өнгөрсөн хойно нь ойлгож гэмших
Хангай шиг нөмөрт тань даарч үзэлгүй өсөж өндийчихөөд
Харин одоо хүү чинь эцэг болчихоод захаас нь амсаж сууна
Өөрийн минь бодол зөв гэж амаа булааж хадуурч
Өнөө цаг ондоо гэж амьдрал үзсэн юм шиг цэцэрхэж
Өдлөж гүйцсэн гээд галаас тань булаалдаж явснаа
Өөдгүй хүү чинь өөрийгөө зүхэж халаглаж сууна ааваа
Зандрах хүнгүй болохоор задарч явнаа уучлаарай
Замаасаа гараад төөрч будилж л явна өршөөгөөрэй
Замлианд амаа алгадуулж ховлох хүнгүй гэдгээ мэдрэх
Зангирсан нулимсаа нууж арчих хэцүү юмаа ааваа
Таныг минь үгүй болохоор гишгэсэн хөрс минь хатуудаад
Тавилан төөрөг хясаад ганцаардлаар намайг шавхуурдана
Талцаж хуйвалдсан юм шиг ар нуруугаа харуулаад
Таавар оньсого шиг бүхэн таныг минь сануулах юм ааваа
Одоо хүү чинь алзахгүй хэлсэн үгийг тань судлаж
Оюун болоод ухаандаа туршлага хураасаар урагшилна
Орой болгон зүүдэнд минь инээмсэглэн зочилоод
Оргил өөд тэмүүлэх эрч хүчээр тэтгээч ааваа
Бумба овогтой Баасанбадам
2018-07-04нд