02.26

И.Нарантуяа дарга хүүхдийн төлөө юу хийв

Хүүхдийн төлөө үндэсний газрыг толгойлж суугаа И.Нарантуяа даргаас “Та хүүхдийн төлөө юу хийв” гэж асуух хүсэлтэй олон хүн бий гэхэд хилсдэхгүй байх. Жилдээ 1,7 тэрбумын төсөвтэй энэ байгууллагын даргаас ингэж асуух нь зүйн хэрэг. Учир нь дөрөвхөн настай охин төрсөн эцэг, хойд эхдээ зодуулан нас барсан тухай өнөөдөр цахим ертөнц тэр чигээрээ шуугиж байна. Гэсэн хэдий ч хүүхдийн гэх тодотголтой байгууллага чив чимээгүй. Магадгүй маргаашаас хэвлэлээр ярилцлага өгч арьсаа хамгаалах биз. Урьд нь ч тэгдэг байсан өдгөө ч тэгэх л биз.

Дөрвөн настай охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт зодуулж нас барсан гэх хэрэгт Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг хоёр этгээдийг цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байгаа юм байна. Дөрөвхөн настай охин ямар буруутай гэж дэгэж дэрвэх насандаа биедээ зодуурын сорвитой, сэтгэлдээ хар гунигтай хүний хорвоогоос буцах болов. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авна гэж аман дээрээ бүгд ярьдаг ч ажил хийдэггүйг энэ мэт үйлдэл харуулж байгаа юм.

Өмнө нь өнгөрсөн 2013 онд тавхан настай хүү эцэгтээ заазуурдуулж, мөн л цахим ертөнцөөр шуугиж байв. Тухайн үед хүүхдийн төлөө тодотголтой байгууллагууд нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлж хэдэн ТББ-ууд л энэ асуудалд дуу хоолойгоо илэрхийлж байсныг уншигчид санаж буй биз ээ. Тэгвэл тун саяхандаа хэдхэн сарын өмнө өөртөө томдсон гутал, дотуур өмднөөс өөр хувцасгүй бяцхан жаал хоёр жаахан гараараа нүүрээ даран мэгшин уйлж яваа зураг мөн л цахим ертөнцөд нийтлэгдэж олныг сэрдхийлгэсэн. Хаа хүрэх гэж, хэнд ингэтлээ гомдон дөн өвлийн хүйтэнд алхаж байгаа бол гэхээс хүн бүрийн элэг эмтэрч, дотор нь харанхуйлсан биз ээ. Тэгвэл Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа та дээрх үйл явдлууд болж байхад хаана байв. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр бүх зүйл болоод өнгөрсний дараа хаа хамаагүй ярилцлага өгч гүй гэж таныг наад суудалд чинь суулгаагүй байх.  

Таны удирддаг байгууллага тоочвол цаг цаас өчнөөнийг гарздах хэмжээний болсон хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажиллах хэрэгтэй байна. Ширээнийхээ араас босоод гадагш гарч, бодит байдал хэр байгааг анзаармаар байна. Дахиад асууя, И.Нарантуяа дарга та хүүхдийн төлөө юу хийв?