08.21

Хойд Солонгост 4 настай орхиод явсан хүүтэйгээ 67 жилийн дараа уулзжээ

Өчигдөр буюу Даваа гарагт Солонгосын дайны үеэр салж хагацсан төрөл төрөгсдийг уулзуулах эхний ээлжийн арга хэмжээ Хойд Солонгосын Гюмган уулын амралтын газарт эхэллээ.
Өмнөд Солонгосоос 89 иргэн гэр бүлийн гишүүдийн хамт хил давж, хувь заяаны эрхээр Хойд Солонгост үлдсэн үр хүүхэд, ах дүүстэйгээ 65 орчим жилийн дараа анх удаа уулзсан байна.

Тэдгээр иргэд дайны үед хил хаагдана гэдгийг мэдэлгүй зорчиж байгаад ойр дотныхноосоо насан туршдаа хагацаж салсан байдаг.

Тухайлбал 92 настай Өмнөд Солонгосын иргэн Ли Кюн Сум 1951 онд дөрвөн настайд нь Хойд Солонгост орхиод явсан хүүтэйгээ 67 жилийн дараа уулзжээ. Уулзалтад 71 настай хүү нь охинтойгоо ирсэн байна.

Мөн Хойд Солонгосын цэрэгт олзлогдоод үлдсэн Өмнөдийн зургаан иргэн энэ өдөр төрөл төрөгсөдтэйгээ уулзжээ.
Өмнөд Солонгосын иргэн 101 настай Бэк Сён Кю өчигдөр уулзсан хүмүүсийн дотроос хамгийн ахмад нь байв. Тэр Хойд Солонгост амьдардаг бэр, зээ охинтойгоо уулзахдаа өөрийн хураасан мөнгөөр авч бэлдсэн 30 хос гутал, 20 хос халбага, савхыг бэлэглэжээ.

Бэк гуай “Энэ миний сүүлчийн уулзалт тул би чадах чинээгээрээ их зүйл бэлдлээ” хэмээн ярьсан байна.
Уг арга хэмжээнд оролцогчид Лхагва гарагийг хүртэл гурван өдөр хамт байцгаах юм. Дараагийн ээлжинд мөн энэ газарт Хойд Солонгосын 83 иргэн Өмнөдийн төрөл төрөгсөдтэйгээ Баасан гарагаас Ням гараг хүртэл уулзана.

Энэ удаагийн арга хэмжээ нь дөрөвдүгээр сард хоёр Солонгосын удирдагч нар Панмунжомд уулзахдаа тохирсон зүйлсийн нэг юм. Хамгийн сүүлд 2015 оны аравдугаар сард ийм уулзалтыг зохион байгуулж байв.

Салж хагацсан иргэдийн нас өндөр болж байгаа тул нас барахаас нь өмнө амжиж уулзуулах хэрэгтэй болоод байгаа.

Тоо баримтаас үзвэл тэдний 85 хувь нь 70-аас дээш насныхан байна. Өмнөд Солонгосын нийт 130,000 иргэн салж хагацсан ойр төрлийн хүмүүстэйгээ уулзах хүсэлтээ гаргасан байдаг. 2000 оноос хойш 20,000 орчмынх нь хүсэлтийг биелүүлээд байгаа нь нийт хүмүүсийн 15 орчим хувь юм.

Эх сурвалж: Korea Times