09.06

Эмгэнэл

Гэндэнгийн БЯМБАСҮРЭН
/1939-2018 он/

Бидний хайрт аав, Монгол төрийн ёслол хүндэтгэлийг судлаач, түүхийн ухааны доктор, профессор, хилийн цэргийн хурандаа Гэндэн овогтой Бямбасүрэн 2018 оны есдүгээр сарын 03-ны өдөр зуурдаар тэнгэрийн оронд заларч, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз учирлаа. Тэрбээр сайн хань, халамжит эцэг, элбэрэлт өвөө, хөдөлмөрч, ажилч хичээнгүй, оюунлаг, эгэл даруу нэгэн байлаа. 
Г.Бямбасүрэн нь 1939 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрж, бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. 1949-1953 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын бага сургууль, 1962-1968 онд Нийслэлийн 14 дүгээр дунд сургууль, Офицеруудын ордны дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн оройн анги, 1968 онд ЗХУ-ын УАХХ-ны дэргэдэх хилийн цэргийн дээд курс, 1973-1978 онд ЗХУ /хуучнаар/ В.И.Лениний нэрэмжит цэрэг, улс төрийн эрдмийн их сургуулийг тус тус дүүргэсэн. 
Жирийн малчин айлын хүүхэд Г.Бямбасүрэн нь 1959 онд цэргийн албанд дайчлагдан, цэргийн ахлагчаас хурандаа цол хүртэл амьдралынхаа 50 гаруй жилийг цэргийн эрдэм, сургалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх үйлсэд гар бие, оюун ухаанаа зориулан зүтгэсэн, түүхийн ухааны доктор, профессор хүн байв.
Бидний аав Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нэгдлээс ажлын гараагаа эхэлж, 1957-1959 онд Баян-Өндөр суманд эвлэлийн хорооны дарга, 1959-1968 онд НАХЯ-ны 05 дугаар ангид, 1968-1974 онд Хилийн ба дотоодын цэргийн 24, 7 дугаар хилийн отрядад улс төр, намын ажил, 1978-1982 онд Хилийн цэргийн улс төрийн газрын тэргүүн дэд дарга, 1982-1987 онд НАХЯ-ны Цэргийн сургуулийн захирал, 1999 оноос барилгын хороо, бага мэргэжилтний хороон даргаар тус тус үр бүтээлтэй ажиллаж, төр улсдаа нэр хүндтэй алба хашиж байжээ. 
Тэрбээр, 2000 гаруй жилийн түүхтэй төрт улсынхаа ёслол хүндэтгэлийг 20 гаруй жил судалж, эрдмийн зэрэг хамгаалан, “Хилчин ахмадын түүхэн ном”, “Цэргийн дээд сургуулийн сургалтанд техник хэрэгсэл ашиглах зарим асуудал”, “Галавын говийн ганган залаа жинст уул мину”, “Монгол төрийн ёсон”, “Монгол ёсон DVD”, “Монголын түмэнд тусгаар тогтнолоос эрхэм зүйл гэж үгүй”, “Монгол төрийн ёс, ёслол хүндэтгэл”, “Төрийн ёс хүндэтгэлийн тайлбар толь”, “Монгол төрийн үүсэл бэлгэдэл, уламжлал хамтын бүтээл”, “Мөнх тэнгэр-бөөгийн шашны зан үйлийн шүтэлцээ”, “Монгол төрийн ёслол хүндэтгэлийн түүхэн товчоо” зэрэг бие даасан 10 гаруй бүтээл туурвиж, Монголын төрт ёс, түүхэн уламжлал судлалд өөрийн хувь нэмрээ оруулсан юм. 
Монгол Улсын цэргийн алба, цэргийн эрдэм ухаан болон түүхийн судлалд оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөрүнэлж, төрийн дээд одон медаль Алтан гадас одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, ойн болон бусадмедалиаршагнажээ. 
Эрхэм хүндэт таны үнэнч шударга, хөдөлмөрч, хичээнгүй гэгээн дүр, түүх, ёс уламжлалаа дээдэлсэн, эх орон хойч үеэ гэсэн чин сэтгэл, наргианч, хүнлэг, энэрэнгүй тусч зан, далай мэт ухаан, уул мэт нөмөр нөөлөг зан бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно. 

Ум сайн амгалан болтугай.
Үр хүүхэд, төрөл төрөгсөд.