09.11

Э.Бөхбат: Дүрэм биелүүлээгүйгээс өдөрт 4-8 хүүхэд осолд өртөж байна

Энэ сарын 1-нээс эхлэн хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх тухай замын хөдөлгөөний дүрэм хэрэгжиж эхэлсэн. Улмаар хяналт шалгалт эрчимжиж эхлээд байгаа юм. Мөн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал эрс ихсээл байна. Эдгээр асуудлын хүрээнд Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд их өртөж байна. Ямар шалтгааны улмаас хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байна вэ?

-2017 онд зам тээврийн ослоор 55 хүүхэд нас барж, 1000 хүүхэд хүнд, хөнгөн бэртсэн байдаг. Үүний шалтгаан нөхцлийг судлаад үзэхэд буруу тээвэрлэлт үүдэлтэй байдаг. Мөн эцэг, эхчүүд явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо буруу үлгэрлэж гарцаар гардаггүй.  Сургууль орчны аюулгүй байдал хангагдаагүй зэргээс болсон байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас эдгээрт дүгнэлт хийж хүүхдийн амь насыг аврахын тулд дээрх чиглэл рүү хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллаж байна.

-Үр дүн хэр гарч байна вэ?

-Үүний үр дүнд 2018 оны байдлаар нас барсан хүүхдийн тоо 42.6 хувиар, гэмтэж бэртсэн хүүхдийн тоо 26.4 хувиар буурсан сайхан үзүүлэлт харагдаж байна. Тиймээс хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх нь оновчтой дүрэм болсон гэж харж байгаа.

-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан замын ачаалал эрс нэмэгдлээ. Энэ үеэр хүүхдүүд осол аваарт хэр өртөж байна?

-Өдөрт 4-8 хүүхэд зам тээврийн осол өртөж байгаа тоо баримт байна. Энэ нь замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүйгээс үүдэлтэй. Гарцаар гарахгүй, чихэндээ чихэвч зүүж дуу сонсож анхааралгүй зорчсоноос болж байна. Мөн 146 сургуулиас 24 нь л орчны аюулгүй байдлаа хангаж ажилладаг. Бусад нь урдуур, хойгуур аль ч талаараа машин замтай. Энэ сургуулиуд орчны аюулгүй байдлаа хангачихвал хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл буурахад маш их нөлөөлнө.

-Хөдөө орон нутгаас оюутнууд их ирлээ. Замын хөдөлгөөнд буруу оролцсоноос болж бэртэх гэмтэх тохиолдол хэр гарч байна вэ?

-Их дээд сургуульд элсэн орсон оюутнуудын 80 хувь нь суурин газрын замын хөдөлгөөнд удаан хугацаагаар оролцож үзээгүй хүүхдүүд байдаг. Хичээлийн шинэ эхэлсэнээр 4 оюутан зам тээврийн осолд өртөж хүнд хөнгөн бэртсэн байна. Тиймээс Нийслэлийн засаг даргын боловсролын газар, их дээд сургуулийн сургалтын албатай хамтраад "Их хотын соёл" гэдэг сургалт хичээл зааж байгаа. 2017 онд нэгдүгээр курсын 60 мянга гаруй оюутанд энэ сургалтыг орж, юуг, яаж хийвэл болох, болохгүй мэдлэгийг авсан байх.

-Гарцгүй газраар зам хөндлөн гарч, чихэвч зүүж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ямар хариуцлага тооцох ёстой байдаг вэ?

-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн тухай хууль, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно. Гэхдээ энэ бол хариуцлага тооцох гээд байгаа юм биш. Эцсийн эцэст хүний амь нас эрсэддэг учир хариуцлага тооцоод байгаа юм. Тиймээс иргэд энэ хуулиудаа уншиж, судлаж, мэддэг байх зайлшгүй хэрэгтэй. Энэ цусаар бичигдсэн амьдралын дүрэм шүү дээ. Хөдөлгөөнд оролцдоггүй хүн гэж байхгүй. Гадуур явбал явган зорчигч, машинд суувал зорчигч, машин барьвал жолооч болно. Тэгэхээр үүнийг мэдэхгүй байх боломж хэнд ч байхгүй.

Х.Соёл-Эрдэнэ
Эх сурвалж: zaluu.com