09.17

Т. Азжаргал: ҮХХ зуучлалын хувьд бие даасан зохицуулах хууль заавал хэрэгтэй гэж бодож байна


ЗОЧИН: Т. Азжаргал

БАЙГУУЛЛАГЫН НЭР: Тауэр Пропертис ХХК

АЛБАН ТУШААЛ: Ерөнхий захирал

АЖЛЫН ТУРШЛАГА : Арван жил монголын барилгын ууган компаниудад үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр ажилласан

КОМПАНИЙН НЭРИЙН ТАЙЛАЛ: Тэнгэрт тэмүүлэх

- Компанийн түүх?

- Бид Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр олон жил маркетинг, борлуулалтыг бодитойгоор гүйцэтгэн ажиллаж байсан дадлага туршлагатай хүний нөөцөөр багаа бүрдүүлэн 2016 оноос хойш харилцагч байгууллага иргэдийнхээ талархлыг хүлээн амжилттай ажиллаж байна.

- Амжилтын эх үүсвэр юун дээр тогтдог вэ?

- Зорьсон зорилгодоо чин сэтгэлээсээ тууштай хандаж, мэргэжлийн ёс зүйтэй шударга өрсөлдөх нь амжилтын эх үүсвэр гэж боддог.

- ҮХХ -ийн реалтор гэж ямар хүнийг хэлэх вэ?

- ҮҮХ-өө худалдаж байгаа болон худалдан авагч 2 талын эрх ашгийг хангасан ашигтай гэрээ хэлцэл хийхэд нь холбон зуучлах.

- Иргэд зуучлалын газраар үйлчилгээ авч сурч байгаа юу?

- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд бид байгууллага болон хувь хүмүүст мэргэжлийн зөвлөгөөг өгөхөөс гадна үл хөдлөх хөрөнгөө борлуулахад тулгардаг олон асуудлыг нэг дор шийдэж цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэн зөв сонголтыг хийх боломжийг олгодог. Сүүлийн жилүүдэд иргэд маань энэ боломжийг харж өөрсдийн асуудлаа нэг дор шийдэх сонирхол маш өндөр болсон байна.

- ҮХХ зуучлалын салбарт биеэ даасан зохицуулах хууль хэрэгтэй юу?

- Иргэд үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулахдаа, худалдаж авахдаа мэргэжлийн ажилтнуудын зөвлөгөөг аваагүйгээс мөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэрийг барьсан мэргэжлийн бус хүмүүст хандсанаас болж хууран мэхлэгдэх, хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдлууд их гардаг. Тиймээс энэ асуудлуудыг шийдэх үүднээс ҮХХ зуучлалын хувьд хувьд бие даасан зохицуулах хууль заавал хэрэгтэй гэж бодож байна.

- Зуучлалын байгууллагад хандаж үйлчилгээ авахын ач холбогдол юу вэ?

- Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжихийн хэрээр үл хөдлөх хөрөнгийн хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Зах зээлийн нийгэмд бид бүгдээрээ цаг завгүй ажиллаж байна. Иргэд туршлагатай зуучлалын байгууллагад хандаж зөвлөгөө авснаар цаг заваа хэмнэх, хэт хямдаар үл хөдлөх хөрөнгөө зарах эсвэл хэт үнэтэй худалдан авах зэрэг эрсдэлээс өөрсдийгөө сэргийлж, өөрт ашиггүй гэрээ хэлэлцээр хийхгүй байх зэрэг олон давуу талуудыг олж авдаг. Үл хөдлөх зуучлалын компаниуд маань туршлагатай байхаас гадна хүний итгэлийг  маш сайн хүлээдэг, бизнесийн ёс зүйтэй үйлдэл гаргаж байх ёстой гэж би боддог. Монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжиж байгаатай холбогдон олон үл хөдлөх зуучлалын байгууллагууд шинээр үүсэж байна. Иргэд зуучлалын байгууллагуудаас сонголтоо зөв хийж хурдан шуурхай сэтгэл ханасан үйлчилгээгээ авч байгаа нь таатай байна.

- Зуучлал хийж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу?

- Олон жил уулзах гээд холбоо барьж чадаагүй хүмүүс, хол ойрын хамаатан саднуудыг уулзуулсан олон сонирхолтой тохиолдлууд гарч байсан. Нэг талаараа холыг ойртуулж учруулдаг аль аль талынх хүсэл сонирхлыг хангаж олон хүмүүст буян болдог их сайхан салбар гэж ойлгож сэтгэл хангалуун явдаг даа.

 

Эх сурвалж: news.oronsuuts.com