09.19

Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн ”балаг” хэзээ дуусах вэ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчны яам хамтарсан шалгалтыг алтны уурхайнуудад хийж байгаа билээ. Шалгалтын явцад цөөнгүй уурхайд зөрчил илэрч, үйл ажиллагааг нь хаах арга хэмжээ аваад буй. Эрхээ хаалгасан уурхайнуудын дунд нэгэн анхаарал татсан нэр байсан нь Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Мондулаан трейд” компани. Тус компанийг Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэнгийнх гэдгийг төдийлэн хүмүүс мэдэхгүй болов уу.  Шалгалтын комисс Заамар суманд гурав хоног ажиллаж, зөрчил илэрсэн хэд хэдэн уурхайг хаасаны нэг нь "Мондулаан трейд"-ын уурхай байв. Тус уурхайгаас цөөнгүй ноцтой зөрчил илэрсэний дотор хамгийн ноцтой нь сүүлийн хоёр, гурван сарын хугацаанд хэд хэдэн хүн амиа алдсан явдал байсан аж. 

Ер нь дэд сайд Ш.Лхамсүрэнгийн "Мондулаан” гэх компанитай холбоотой анхаарал татсан мэдээллүүд нэлээд бий. "Мондулаан трейд” ХХК нь анх 1998 онд дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэгээд 2000 онд уул уурхайн салбарын үйл ажиллагааг эхлүүлж алтны шороон ордоор дагнан ажиллаж ирсэн байдаг. Гэхдээ тэдний үйл ажиллагаанд хуудуу байх магадлалтай мэдээллийг эх сурвалжууд хэвлэлд өгч ирсэн юм. Тэр талаар хүргэхээсээ өмнө "Мондулаан” компанийн мэдэл дэх орд газруудын мэдээллийг хүргэе.

 "Мондулаан трейд” ХХК-ийн  хамгаалагч нар энгийн иргэдийг эмэгтэй, эрэгтэй гэж ялгалгүй бүлэглэн зодож эд хөрөнгөд нь халдсан хэрэг гарч байсныг хэвлэлүүд бичдэг. Энэ нь "Ажлаа сайн хийвэл өндөр үнэ¬тэй машинаар шагнана" гэх захирлуудынхаа үгэнд дулдуйдсан хамгаалагчдын бүдүүлэг үйлдэл байсан гэгддэг. Түүнчлэн тус компанитай холбоотой дахин нэг хууль бус асуудал сөхөгдөж байсан нь,  Төв аймгийн Заамар сумын Улаан шивэртийн аманд алт олборлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан "Авдарбаян” компани эрх нь ноцтойгоор зөрчигдөж буй талаар мэдээлэл хийсэн явдал юм. Тэдний өгсөн мэдээллээр бол "Авдарбаян” компани 24 га талбайд алт олборлох албан ёсны эрхтэй бөгөөд урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хэмжээ 60 га болохоор байж. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу компанийн зүгээс талбайгаа өргөсгөх ажлаа хөөцөлдөж байх хооронд Төв аймгийн Заамар сумаас уг талбайг өнгөрсөн оны долдугаар сард орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Хачирхалтай нь орон нутгаас нь тусгай хэрэгцээнд авсан гэх газрыг нь хамруулан Ш.Лхамсүрэн захиралтай "Мондулаан трейд” ХХК-ийн компани олборлолт хийж эхэлсэн байдаг. Уг асуудлаар "Авдарбаян” компани аймгийн засаг дарга, МХЕГ, аймгийн цагдаагийн байгууллага, орон нутгийн захиргаанд гомдлоо гаргасан ч "Мондулаан трейд” ХХК хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй байгаа талаар мэдээлэл байсан юм. Түүнчлэн Төв аймгийн засаг даргын зүгээс Заамар сумын засаг дарга Д.Болормаа, цагдаагийн хэлтсийн дарга Р.Ариунболд нарт "Мондулаан трейд” ХХК-ийн  хууль бус үйл ажиллагааг зогсоох чиглэл өгсөн байдаг. Гэвч орон нутгийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлт болон аймгийн засаг даргаас өгсөн чиглэлийг биелүүлээгүй хэвээр л байсан юм.

Төрийн ажлын туршлага үгүй  ч,  бизнесийн туршлага ихтэй Ш.Лхамсүрэн гэгч нөхөр Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж ирснийхээ хувьд ч тэр үү, М.Энхболд даргынхаа нөмөр нөөлгөөр дэд сайдын албанд томилогдсон гэдэг. Гэхдээ тэр сайд болсноосоо хойш Засгийн газрынхаа нэр нүүрийг хойш нь чангаасан уу гэхээс өөд нь татсан удаагүй. Тэгээд бас болоогүй ээ, төрийн "далбаан" дор хувийн бизнесээ амжуулаад байх санаатай...

 

С.Мөнхжаргал

http://today.mn/index.php?r=39540