05.21

Г.Сарангэрэл тэрбумын нэхэмжлэлээ буцаажээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой гэгдэж байсан Г.Сарангэрэл хар тамхины хэргээр ял эдлэсэн билээ. Тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өөрийн нэр төрд нь халдсан хэмээн нэг тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаад байсан. Тэгвэл түүний өмгөөлөгчийн мэдээлж байгаагаар Г.Сарангэрэл нэг тэрбумын нэхэмжлэлээ буцаасан гэнэ.

Уг явдлыг эргэн сануулахад УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд байхад нь “хар тамхичин, биеэ үнэлэгч” гэж олон нийтэд зарлан, Г.Сарангэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад очиж уулзан дарамталсан гэж өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан удаатай. Улмаар Г.Сарангэрэл О.Баасанхүүг хариуцагчаар татаж нэг тэрбум төгрөг нэхэмжилж байсан юм.

Улсын дээд шүүхээс нэг жилийн ял авсан тэрбээр өнгөрсөн сарын 3-нд суллагдсан.  Өдгөө Г.Сарангэрэл сургуульд сурахаар бэлтгэж байгаа аж.