УИХ-аас өнгөрсөн онд гаргасан 54 дүгээр тогтоолд “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж заасан юм. Үүнийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа гэж үзэн, иргэн Л.Цог Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ. Гэхдээ Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ. Учир нь, “Цагаан суварга”-ын ордод зарцуулсан улсын төсвийн нийт хөрөнгийг тухайн компани эргүүлэн төлсөн болохыг баримтаар нотолсон байна. Мөн УИХ-ын дээрх тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн зохих зүйл, заалтад үндэслэсэн болохыг хуралдааны явцад тогтоов. Тиймээс “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 25 зүйлд заасанчлан УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал гэж Үндсэн хуулийн цэц үзжээ.
М.АЛТАНЦЭЦЭГ