Монголын Хүүхдийн ордны Чингэлтэй дүүрэг дэх Хайлаастын салбар дугуйлангийн хүүхдүүд 49 дүгээр сургуулийн урлаг зааланд уран бүтээлээ толилууллаа.
Тэд сурч мэдсэн бүхнээ аав ээж, анд найз, багш нартаа тайлагнасан юм. Тус салбарт драм, зураг, англи хэлний дугуйлан хичээллэж байгаа бөгөөд нийт 300 орчим хүүхэд суралцаж байна. Тайлан тоглолтыг зохиомж хэлбэрээр найруулж, дугуйлан бүрийн хүүхдүүд өөрсдийнхөө авьяас, хөдөлмөрөө урлагийн бүтээл болгон үзүүлэв.
Тоглолтын хөтөлбөрийг санаачлагч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хорооны дарга Ц.Баатархүү тоглолтыг нээн, үзэж сонирхсон эцэг эх, суралцагч хүүхдүүдийн ажил үйлс, амьдралд нь амжилт хүслээ. Эцэг эхчүүд, хүүхдүүдийн мөрөөдөл болсон Хүүхдийн ордны сургалтыг гэр хорооллын хүүхдүүдэд зориулан зохион байгуулж байгаа нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлэв.