Америкийн нэрт боксчин Флойд Мэйвезер Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедовын дуудлагад хариу өгчээ. Хэд хоногийн өмнө Конор МакГрэгорыг буулгаж авсан Хабиб хэнд ч ялагдаагүй байгаа боксчин эрийг тулаанд дуудсан билээ.
“Ширэнгэн ой дотор ганцхан хаан байх ёстой” гэж UFC-гийн хөнгөн жингийн аварга Нурмагомедов хэлсэн юм. Цагтаа Конор МакГрэгор боксын дүрмээр Мэйвезертэй тулалдаад ялагдаж байсан түүхтэй. Тэгвэл одоо Хабиб Америкийн боксчинтой рингэн дээр хүч үзэхэд бэлэн байгаа аж.
Флойд хариугаа шууд утгаар өгөөгүй байна. Тэрбээр томоохон спонсорууд болон телевизийн компаниудад хандаж “Залуус аа, мөнгөө бэлдэж бай. Цаана чинь Хабиб намайг тулаанд дуудлаа” хэмээн бичжээ. Мэйвезер, МакГрэгор нар тэрхүү түүхэн тулааныг хийгээд нэг нь 90, нөгөө нь 120 сая доллар халаасласан юм. Нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд Флойд холимог тулааны дүрмээр тулалдахгүй л болов уу. Харин Хабиб боксоор үзвэл ялах магадлал тун бага. Тэрбээр барилдахыг илүүд үздэг нэгэн.