05.22

Нөөц ашиглсны татварыг цэвэр ашгаас бус орлогоос тооцох гэнэ

“Ройтерс” агентлагийн мэдээлэлд Оюутолгойн гүний уурхайн төслийг эхлүүлснээр “Рио Тинто” болон Монгол Улсын эдийн засгийн өсөх зам нээгдэж буйг онцолжээ. Нийт таван тэрбум ам.долларын өртөгтэй төслийн ажлыг сэргээхээр болсны дараа Торонто дахь хөрөнгийн бирж дээр “Рио Тинто”-гийн охин компани болох “Түркойзхилл” компанийн хувьцааг өмнөх өдрийнхөөсөө 11.8 хувиар илүү үнээр арилжиж эхэлсэн байна. Үүний өмнөх өдөр нь ханш 4.8 хувиар өссөнийг дурджээ. “Энэ бол томоохон компаниудын хувьд хөндөөгүй, анхаарал татсан төслийн нэг ба зах зээлд өсөх боломж олгох юм” хэмээн “Deutsche Bank”-ийн шинжээч Пол Ян Оюутолгойн төслийн тухай тайлбарласныг тус агентлаг иш татжээ. Шинэ гэрээ ёсоор “Рио Тинто” компани менежментийн төлбөрийг тэн хагасаар бууруулж, гурван хувь болгохыг зөвшөөрснөөс гадна нөөц ашигласны татварыг нийт орлогоос тооцож, таван хувиар төлөхөөр болсон байна. “Рио Тинто”-ийн хувьд эдгээр өөрчлөлтийн улмаас 148 сая ам.доллар болж буй нь нийт 7.4 тэрбумын өртөгтэй гүний уурхайн өртгийн хоёр хувиас бага гэдгийг өгүүлжээ. Төслийн санхүүжилтийг хамгийн эртдээ энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд шийдвэрлэх боломжтойг “Түркойзхилл”-ийн гүйцэтгэх захирлуудын нэг Жефри Тигесен өгүүлсэн юм. Харин тэргүүн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак төсөл жигдэрч, бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэхэд 5-7 жил шаардлагатайг өгүүлсэн боловч техник эдийн засгийн үндэслэлийг хэрхэн бэлэн болгох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тэрбээр “Энэ том төсөл тул аль болох эрт эхэлбэл сайн” хэмээн “Ройтерс”-ийн сэтгүүлчид өгүүлсэн аж. Сэтгүүлчидтэй ярилцсан шинжээчид гүний уурхай хамгийн эртдээ 2019-2020 оноос үйлдвэрлэлээ эхлүүлэх боломжтойг хэлжээ. АНУ-ын “Уолстрийт жорнал”-д Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурснаар дараагийн шат болох гүний уурхайн төсөл хэрэгжих боломжтойг онцолсон байна. Үүнээс гадна талууд тохиролцоонд хүрч, тус төслийн хүрээнд гарсан бүх зардал хуулийн хүрээнд байсан тухай “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийн мэдэгдлийг иш татсан аж. Мөн нөөц ашигласны таван хувийн татварыг тус компанийн санал болгож байснаар үйл ажиллагааны цэвэр ашгаас биш, харин Оюутолгойн нийт орлогоос тооцоолохоор зөвшөөрснийг өгүүлжээ. Жан Себастьян Жак санхүү, зөвшөөрлийн шатны асуудлууд цэгцэрсэн тохиолдолд гүний уурхайн ажил 5-7 жилийн хугацаанд жигдэрнэ гэдгийг хэлсэн байна. Мөн төсөлд шаардлагатай дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилтийг олохын тулд Оюутолгойн удирдлага дэлхийн санхүүгийн томоохон байгууллагуудтай хэлэлцээр хийж буйг дурдсан аж. Австралийн уул уурхайн mineweb.com сайтад Оюутолгойн төсөл нь Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнес хийх боломж, эрсдэлийг илтгэн харуулж буйг өгүүлжээ. Мөн хоёр тал маргаантай байх хугацаанд Монгол Улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 2012 онд 4.5 тэрбум хүрч байсан ч өнгөрсөн онд 400 сая болтлоо буурсныг дурдсан байна. Үүний дээр 2012 онд 17.3 хувиар өсч байсан эдийн засаг нь энэ онд ердөө гурван хувиар өсөх төлөвтэй байгаа тухай Азийн хөгжлийн банкны таамгийг бичжээ. Австралийн сайтад газрын баялгийнхаа ачаар цагтаа “Mine-Golia” хэмээх нэр авч байсан Монголын эдийн засаг дахин сэргэхэд тусална гэдгийг өгүүлсэн байна. Түүчлэн шинэ тохиролцооны хүрээнд гүний уурхайн техник эдийн засгийн үндэслэл, санхүүжилтийн төлөвлөгөөг батлах тухай нэмэлт зохицуулалт хийхээр болжээ. “Бүх алхам, зөвшөөрлийн үе шатыг давсны дараа гүний уурхайн ажилтнуудыг дахин ажилд нь авах болно” хэмээн “Түркойзхилл”-ийн албан ёсны мэдээлэлд өгүүлжээ. Британийн “Гардиан” сонинд Рио Тинто компанийн удирдлага Монголд нийт зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 1.3 тэрбумыг татвар, хураамж зэрэг бусад төлбөрт зарцуулсан тухай мэдээлснийг дурдсан байна. Үүнээс гадна 2014 онд Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 74 хувиар буурч, эдийн засгийн өсөлт 7.8 хувь хүртлээ саарсныг өгүүлжээ.

Д.Болд