Өнгөрсөн сард Лондонгийн үнэт эдлэлийн дүүрэгт гарсан Хэттон Гардены хулгайн хэрэгт найман хүнийг буруутган шалгаж, шүүх хурлыг орон нутгийн цагаар Пүрэв гаригт эхлүүлэх болсныг тус хотын Цагдаагийн газар мэдэгдлээ. 48-76 настай сэжигтнүүд харилцан хуйвалдаж, хулгай хийсэн болохыг Лхагва гаригт хотын Цагдаагийн газраас зарласан юм. Дээрх 8 сэжигтэн нь Лондон хотын төв хэсэгт байрлах Вестминстер Магистрэйтэд болох шүүх хурлаас өмнө олон нийтийн өмнө гарсан байна. Одоогоор 9 дэх сэжигтэн батлан даалтанд гарсан байгаа бөгөөд цаашид мөрдөн байцаалтын шатанд шалгуулах аж. Дээрх 9 сэжигтнийг Мягмар гаригт хийсэн цуврал нэгжлэгийн үеэр баривчилсан юм. Харин 10 дахь сэжигтэн 42 настай Британи гаралтай иргэнийг Пүрэв гаригт Лондонгоос гадна орших Эссекс дүүргээс баривчилж, гэм бурууг нь тогтоохоор шалгаж байгаа гэнэ.
Сэжигтнүүд Лондон дахь үнэт эдлэлийн дүүргийн төв хэсэгт байрлах үнэт зүйл хадгалдаг компаниас их хэмжээний хадгаламж хулгайлсан юм. Гэвч цагдаагийнхан тэдний хулгайлсан эд зүйлийн үнэ өртгийг хараахан мэдэгдээгүй байгаа аж.
Харин албан бус эх сурвалжууд хохирлын хэмжээг олон зуун мянган фунт стерлингт хүрсэн гэж байгаа бол цагдаагийн ажилтан асан 200 сая фунт стерлинг болсон гэж мэдэгджээ.