Өмнөд хилийн Гашуунсухайт боомт Монголын нүүрсний экспортын гол гарц билээ. Энэ боомтоор жирийн үед өдөртөө 1300 орчим нүүрсний машин нэвтэрдэг аж. Гэтэл сүүлийн үед урд хөршийнхэн нүүрсний татан авалтаа багасгаж өдөрт 500-600 машин л гарч байна гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар бид хилийн Гашуунсухайт боомтын зарим нэг хүнтэй холбогдож тодруулга авлаа.
Тус боомтын ажилтны хэлж байгаагаар өнгөрөгч долоо хоногийн 4 дэр өдөр Хятадын тал нүүрсний машины татан авалтаа зогсоосон боловч маргааш нь буюу Баасан гарагаас хэвийн ажиллаж эхэлсэн ажээ. Тэд хилээ түр хаасан шалтгаанаа нүүрсний бүх машиныг цахим мэдрэгчтэй болгохоор ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд татан авалтыг түр зогсоосон хэмээн тайлбарлаж байгаа юм байна. Гэхдээ энэ нь хэр үндэслэлтэй тайлбар вэ гэдэг нь тодорхойгүй. Одоогоор машинууд ухаалаг карттай болчихоогүй байна гэв. Харин өчигдрөөс татан авалт нэлээд идэвхжиж байна хэмээн тайлбарлалаа.
Ерөөс сүүлийн үед нүүрсний экспорт нэлээд хэмжээгээр буурсан бөгөөд өдөртөө 500-600 машин л арай гэж хил гарч байгаа гэсэн мэдээлэл дуулдах болсон. Энэ ч үнэн аж. Ямартай ч өнгөрсөн оны мөн үеэс багассан гэдэг нь тодорхой юм байна. Хятадад нүүрсний хэрэглээ багассандаа бус энэ нь улс төрийн шалтгаантай байж магадгүй гэж хардах хүмүүс ч бас байгаа юм.
Мөн саяхан Гашуунсухайтын боомт дээр АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд очиж боомтын нөхцөл байдалтай танилцаад одоо Оюутолгойд ажиллаж байгаа аж. Тэд энэ аяллынхаа зорилгыг хилийн худалдааг хөнгөвчлөх талаар үзэж харж явна гэжээ. Гэхдээ зарим эх сурвалж Эрдэнэс Тавантолгой компани IPO гаргахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцаж яваа гэж байна.
М.Нэргүй
http://www.zaluu.com/read/2cdbc2g2a