Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Номуунтай ярилцлаа.
-Улсын драмын эрдмийн театрын шинэ уран бүтээл “Оддын өвчин” жүжгийн нээлтийн тоглолтууд амжилттай тавигдаж байна. Г.Номууны хувьд энэ жүжгийн Мэггигийн дүрд тоглож байгаа. Энэ дүрийн онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?
-Миний хувьд “Оддын өвчин” жүжгийн Мэгги гээд 18 настай охины дүр дээр ажиллаж байна. Манай жүжгийн гол санаа нь Мэггигийн дүрээр илэрч байгаа гэж хэлж болно. Яагаад гэхээр, Мэгги дэлхийн од Тито Мэриллитэй уулзахын өөрийгөө өгөхөөс ч буцахгүй охин. Нийгмээ дагаад нэгийг харж, бусдыг аялдан дагаж, сургаар хүнийг биширдгээсээ болж өөрөө золиос нь болж байгаа юм. Гэхдээ төгсгөл нь их гоё. Золиос мөртлөө яг эцэст нь жинхэнэ хайртайгаа учирч дуусах дүр ийм нэг дээр би ажиллаж байна.
-Энэ дүр өөртэй чинь хэр ойр байна. Өмнөх дүрүүдээс тухайлбал, Жульеттад тоглосноос хэр их зүйл өөрөөс чинь шаардаж байна?
-Хол байна аа. Насны хувьд ойролцоо ч надаас их өөр дүр. Агуу шүтэн бишрэгч, өөрийгөө өгөхөөс буцахгүй өсвөр насандаа яваа охины дүрийг гаргахад надаас мэдээж их зүйл шаардаж байна. Бас инээдмийн жүжиг гэдэг утгаараа их өөр. Миний хувьд театрт орсноосоо хойш хамгийн анхны инээдмийн жүжигтээ тоглож байна. “Ромео Жульетта” бол сонгодог бүтээл. Сонгодог бүтээлд тоглоход даацын хувьд нэг дээд сургууль төгссөнтэй дүйцэх хэмжээний зүйл сурч авсан гэж ярьдаг. Тэгвэл инээдмийн жүжиг бас ямар ч үүнтэй адил юм билээ. Хүнийг инээлгэнэ, яг түүнийг мэдэрнэ гэдэг нь маш их зүйл шаарддаг юм билээ. Тиймдээ ч маш их хичээж, өдөр бүр дүр дээрээ ажиллаж байна. Үндсэндээ сонгодог, драмын, инээдмийн жүжиг бүгд л өөрсдийн гэсэн жүжигчний хичээл зүтгэл, мэдрэмж шаарддаг.
-Нэг талаасаа мюзикл гэж хэлж болохоор. Тэгсэн хэрнээ үзэгчдийг инээлгэнэ гэхээр мэдээж давхар олон чадвар шаардаж, тэр хэрээрээ их үүрэг оногдох нь ээ?
-Тийм шүү. Мэдээж олон үүрэг оногдож байна. Хамгийн түрүүнд хүн инээхгүй байхвий гэсэн айдас төрдөг юм байна. Манай ахмад, мундаг жүжигчид тухайн үедээ инээдмийн жүжигт тоглож байсан туршлагатай. Тиймдээ ч инээлгэх хэцүү гээд л ярьдаг. К.Людвигийн жүжгийг манайх хоёр дахь удаагаа тавьж байна. Тиймээс энэ жүжигт орж байгаадаа сэтгэл хангалуун байна. Жүжигчний хувьд ч гэсэн сурах юм ихтэй гэж хэлж болно.
-Танай ээж театр ажиллаж байсан болохоор багаасаа л театртай холбогдсон юм билээ. Магадгүй өөрийгөө театргүйгээр төсөөлж байв уу. Ер нь жүжигчин болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бол?
-Би бүр багаасаа л теартр тавигдаж буй жүжгүүдийг үздэг байсан. “Ромео Жульетта”-г үзээд л “Бээлий нь болоод төрөхсөн” гэхэд жүжгэндээ орчихсон хамт жүжиглээд л, сэтгэл догдлоод суудаг байлаа. Ингээд бодохоор ер нь л жүжигчин болох нь миний хувь тавилан байх. Сүүлийн үед “Хэрвээ жүжигчин болоогүй бол” гэж бас хүмүүс их асууж байна л даа. Магадгүй би жүжигчин болоогүй бол сэтгүүлч л болох байсан байх. Нэг ойролцоо мэргэжил л сонгох байсан байх. Үгүй бол бүр спортын хүн болчихсон байх байсан.
-Танай гэр бүлийн хүн бас жүжигчин. Хоёулаа уран бүтээл, жүжгийн сургуулилт гээд бараг театрт амьдарч байх шиг санагддаг л даа. Ар гэрийн ажлаа хэрхэн амжуулж, зохицуулж байна?
-Яг үүн дээр бол хоёр талын гэр бүл маань маш их санаа тавьдаг. “За яах вэ, ажилтай юм чинь бид харъя, зохицуулъя” гээд л бидэнд тусалдаг. Гэсэн ч бид хүүхдүүдээ шууд ар гэрийнхэндээ даатгаад орхичихгүй, аль болох тэдэндээ цаг зарцуулахыг хичээдэг. Яаж ч ядарч байсан ч өглөө эрт босоод хоёр хүүхдийнхээ хоолыг хийж өгөөд, сургуулилтын завсарлагаанаар гэр рүү очоод ирдэг ч юм уу аль болох л амжуулахыг хичээдэг.
-Г.Номуун дэлгэцийн уран бүтээлд тэр бүр харагддаггүй. Кинонд тоглох завгүй байна уу, эсвэл Монголын дөрөв дэх Жульетта өндөр цензураас болоод санал ирэхгүй байна уу?
-Уг нь надад кинонд тоглох санал их ирдэг. Гэхдээ яг ямар нэгэн тохиолдлоор тохироо нь бүрддэггүй. Жүжиг болон кино хамтын бүтээл учраас тэр бүр чөлөө аваад байж болдоггүй. Гэхдээ мэдээж би цаг заваараа амжуулахыг хичээж байна. Нэлээд хэдэн санал орж ирсэн, одоо л нэг амжих байх.
-Урлагийн ажилтнуудын цалин хангамж муу байгаа талаар маш их яригддаг. Мэдээж гэр бүлийн хоёр хүн драмын театрт тэр дундаа төсвийн байгууллагад ажиллахаар санхүүгийн хүндрэл байгаа л байх. Хэрхэн зохицуулж байна вэ?
-Энэ бол яг тулгамдсан асуудал. Биднийг гаднаас харахад нэг л гоё хувцас өмссөн, эдэлж хэрэглэсэн, амархан амьдраад байгаа юм шиг. Гэвч бодит байдал дээр үгүй. Хамгийн завгүй, хамгийн эрүүл мэнддээ анхаардаггүй, хамгийн буруу хооллолттой, хамгийн мөнгөгүй хүмүүс. Гэсэн хэдий ч урлагийнхан мэргэжилдээ хайртай, дуртай нийгмийнхээ толь болж хүмүүст гоё зүйлс мэдрүүлэх хүсэл тэмүүлэл, сэтгэлээрээ амьдардаг. Бид хоёрын хувьд хоёулаа төсвийн байгууллагад ажилладаг нь үнэн ч санхүүгээ зохицуулаад болоод л байна. Хоёр цалингаа зөв зарцуулаад, төлөвлөгөөтэй, нягт нямбай байхад энэ тийм ч хэцүү зүйл биш.
- Хааяа жүжиг үзэж байхад хүн хажууд утсаар ярих, чипс идэх үед үзэгчийн хувьд маш тавгүйтдэг. Үзэгчдийн иймэрхүү байдал тайзан дээр тоглож байгаа жүжигчдэд хэр нөлөөлдөг бол. Ер нь манай үзэгчдийн боловсрол хэр гэж боддог вэ?
-Би театрт орж ирээд зургаан жил болж байна. Ээж энд ажилладаг учраас би бүр багаасаа жүжиг үзээд сурчихсан. Утасныхаа дууг хаагаад, ямар ч идэх юм авахгүй, яг шимтэж жүжгээ үздэг. Гэтэл хүмүүс тийм биш. Хоорондоо яриад л. Нэлээд хэдэн жилийн өмнө театрт жүжиг үзэж байж “Би Баянхошуунд явж байна аа” гээд утсаар ярьж байсан тохиолдол бий. Яг ийм үед би бол “Болиоч ээ” гээд шууд хэлчихдэг. Гэхдээ сүүлийн үед үзэгчид их соёлжсон. Театрт утсаар ярьж, чипс идэж байгаа хүн байхгүй. Ерөнхийдөө нийгэм маань өөрчлөгдөж байна. Ялангуяа залуус маань жүжиг үзэж байгаад баяртай байдаг.
-Тэгвэл тайзан дээр тоглох, танхимд суугаад жүжиг үзэх хоёрын ялгаа ямар вэ?
-Оюутан байхад СУИС-ийн багш нар биднийг жүжиглэж байхад өөдөөс өгөөд л, нүүрээ янз бүр болгоод үздэг байлаа. Тухайн үед яагаад ингээд байдаг юм бол гэж боддог байлаа. Гэтэл танхимд жүжиг үзээд сууж байхдаа тайзан дээр тоглож байгаа жүжигчдийнхээ сэтгэл хөдлөлийг нь аваад л, нэг тийм мэдрэмжээр үздэг болчихдог билээ.
-Эмэгтэй жүжигчид Жульеттад тоглохыг мөрөөддөг гэдэг. Өөрийн чинь Жульеттад тоглоод мөрөөдлөө биелүүлчихсэн гэж хэлж болно. Цаашид тайзан дээр, дэлгэцэнд тоглож үзэхийг хүсч байгаа дүр бий юу?
-Театрын бүтээл бол амьд урлаг, тухайн үедээ маш гоё мэдрэмжийг өгдөг. Харин дэлгэцийн бүтээл миний залуу насыг хадгалж үлдэнэ. Мэдээж жүжигчин хүн л учраас дэлгэцэнд Бумаа гуай шиг ч юм уу сэтгэлд хоногшсон, шууд тэр дүрээрээ овоглогдох дүрд тоглохыг хүсэлгүй яах вэ. Жүжигчин хүн “Би Жульетта болчихсон, одоо боллоо” гэж хэзээ ч боддоггүй. Яг бүх зүйл шинээр эхэлж сурдаг учраас өөрөөсөө тэс өөр характертай дүрд тоглож үзмээр байна. Нэг бол монгол сайхан хатны дүрд тогломоор байна. Ер нь хүсэл мөрөөдөл дуусахгүй.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
Г.НАРАН