Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатны дүүтэй гэрлэж, улмаар эхнэрийнхээ нэр дээр компани байгуулан “Эрдэнэс Тавантолгой” компаниас зарласан 17 тэрбумын тендерт ялсан, энэ хэрэг нь илэрсэний дараа тендерээ буцаан өгч нөхөн олговор нэрийдлээр 40 сая төгрөг авсан зэрэг хэрэгт холбогдоод буй Г.Дэнзэнгийн асуудал нийгэмд шуугиан тарьж байна.
Түүний хэрэгт холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг хүртэл барьж хорьсон. Харин Г.Дэнзэн Германд сурч байгаа нэрийдлээр гадаад явчихаад өнгөрсөн долоо хоногт ирсэн юм. Улс төрийн золиос болсон гэдгээ нотлоно хэмээн зоригтой мэдээлэл хийсэн түүнийг АТГ-аас баривчилсан билээ.
Мэдүүлэг авах нэрийдлээр түүнийг баривчилж, улмаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдлийн “Хаан жимс” рүү АТГ-ынхан дайрсан гэх мэдээлэл гарч байгаа. Энэ асуудал өнөөдөр улс төрийн хүрээнийхний анхаарал татах сэдэв болоод байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Дэнзэнгийн асуудалд улс терд байгаа залуус дvгнэлт хийнэ бизээ. Ялангуяа МАНайхан! Даргын цvнх барьдаг дэнзэнгvvд ч МАНайд байдаг” хэмээн жиргэжээ.
Зодоон нүдээний хэрэгт холбогддог, амрагийн явдлаа нууж чадахгүй баригдаж цаашлаад Дорнодчуудын саналыг мөнгөөр худалдаж авч байсан, юу ч мэдэхгүй явахдаа дэд сайдын суудлыг мөнгөөр худалдаж авч байсан эрхэм гишүүн Г.Дэнзэнгээс тэгтлээ ялгарах нь юу л бол.
Ёстой л хэрээ, хэрээнийхээ харыг гайхав гэгч л болов бололтой. Н.Номтойбаярын балаг өнөө хэр л дуусаагүй байгаа. НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн суудлыг авах гэж санаархаж, өдий 35 гарчихсан хойноо залуу гэж хэлүүлэх гэж хор найруулж яваа түүнийг МАН-ын Г.Дэнзэн гээд хэлчихэд ч буруудахгүй биз ээ.