02.11

Монголоос Буриадад нийлүүлсэн хиамнаас мялзан өвчний вирус илэрчээ

ОХУ-ын Буриад улсын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албаны хийсэн шинжилгээгээр Монголоос нийлүүлсэн хиамнаас Африкийн гахайн мялзан өвчний /АГМӨ/ вирус илэрсэн тухай тус улсын Улаан-Үд хотын дарга сэтгүүлчдэд мэдээлжээ.
АГМӨ хүнд халдварладаггүй болохыг хотын дарга онцлон хэлсэн байна. Буриадын нутаг дэвсгэрт уг өвчний халдвар гэрийн тэжээвэр болон зэрлэг гахайнуудад тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буйг тэрбээр мэдээлэв.
"Хоёрдугаар сарын 5-нд хүлээж авсан мэдээллээр, Хиагт боомтоор Монголоос оруулсан хиамнуудаас АГМӨ-ий вирус илэрсэн. Эдгээр хиамыг Улаан-Үд хот, мөн Жидинск, Кабан, Заиграевск, Сэлэнгэ, Хиагт, Курумканск, Закаменск, Баргажин дүүргүүдийн дэлгүүрүүдэд худалдаалжээ. Хүнсний уг бүтээгдэхүүнийг худалдаанаас татсан” гэж  хотын дарга хэлсэн байна.
АГМӨ-ий халдварын анхны тохиолдол Монголд 2019 оны нэгдүгээр сард бүртгэгдсэн тухай ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн газар урьд нь мэдээлсэн байна. Тус улсад  85 гахай үхсэн бөгөөд 286 гахайг устгажээ.
Африкийн гахайн мялзан бол өвчний далд хэлбэр нь хоёр долоо хоног хүртэл хугацаанд үргэлжилдэг халдварт өвчин юм. Уг өвчнөөр зөвхөн зэрлэг болон гэрийн тэжээвэр гахай өвчлөх бөгөөд хүн болон бусад амьтанд халдварладаггүй байна. Одоогоор хүнд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байгаа боловч вирус хэлбэрээ өөрчилж, төрөл нь нэмэгдэж байгаа учир халдварлах эрсдэлтэй байж магадгүйг эрдэмтэд үгүйсгэхгүй байна.
ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн газар нэгдүгээр сарын 31-нээс эхлэн Монголоос малын гаралтай бүтээгдэхүүн болон тэжээл импортлохыг хоригложээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг