05.25

МШХ-ны ерөнхийлөгчөөр Ц.Сайнбаярыг сонгов

Монголын шатрын холбооны ээлжит VII Их хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, сонгууль явуулж ерөнхийлөгчөөр Ц.Сайнбаярыг сонгосон бол Удирдах зөвлөлийн гишүүнээр 15 хүн сонгогджээ.

Энэ сарын 23-нд болсон Тус Их хурлаар МШХ-ны харъяа клуб, академи, холбоодын төлөөлөгчид болон спортын мастераас дээш цолтой шатарчид, нийт 147 төлөөлөгч оролцсон байна. Уг хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг хэлэлцэж, МШХ-ны дүрмийн төслийг хэлэлцэн баталсан юм.

МШХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Сайнбаяр нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, дипломатч мэргэжилтэй. Тэрээр 1991-1998 онуудад Гадаад харилцааны яам, Прага дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж, 1998-2000 онуудад Лондонгийн дипломатын Академид суралцсан. 2003 оноос "UK chess challenge" тэмцээний хамтран зохион байгуулагч, 2011 оноос "UK Chess Academy"-г үүсгэн байгуулж өдгөө тэргүүнээр нь ажиллаж байгаа юм. Ц.Сайнбаяр нь Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн Азийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ОУШХ-ны шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх комиссын нарийн бичгийн дарга, Цол олгох комиссын гишүүн, Дасгалжуулагчийн комиссын гишүүний болон МШХ-ны ОУШХ дахь төлөөлөгчийн албыг давхар хашиж байна.