УИХ-аар орсон Тавантолгой мөд шийдэгдэхгүй нь бололтой. Тавантолгойг шийдэж чадахгүй байгаа УИХ, Засгийн газарт суудаг, суудаггүй 80 гаруй нөхдүүд баахан бантан хутгачихаад одоо тэр дундаасаа өөрсдөө ч гарч чадахаа байж.
Энэ тухай олны дунд ч яригдсаар байна. Тавантолгойг эдүгээ хэлэлцээ хийсэн консорциумд өгөх ажиллагаа Н.Алтанхуягийн "Шинэчлэлийн" Засгийн газрын үед буюу өнгөрсөн жил эхэлсэн.
Засгийн газрын тогтоол гарч тэрхүү тогтоолын дагуу сонгон шалгаруулалт, улмаар хэлэлцээр хийж гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар тэр үеийн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ажиллаж байлаа.
Анхнаасаа бол нэг л компанид өгөх ажиллагаа гэдэг нь ил цагаан байсан. Гэвч тус Ажлын хэсэгт Тавантолгойг хөдөлгөх боломж гаралгүй байсаар Ч.Сайханбилэгийн "Шийдлийн" Засгийн газарт шилжиж ирсэн билээ.
Өнгөрсөн жил Н.Алтанхуягийн Засгийн газраас тогтоол гаргаж байх тэр цагаас эхлээд л хэвлэлүүд Тавантолгойг МСS тэргүүтний "Энержи ресурс"-д өгөх гэж байгаа юм байна гэдгийг бичсээр ирсэн. Гэвч тэр үед нь уг асуудлыг хэн ч хөндөж байгаагүй юм.
Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, Засгийн газартаа Монгол улсын сайд гэх орон тоо гарган М.Энхсайханыг томилуулж түүнд энэхүү гэрээний асуудлыг хариуцуулснаас хойш л уг асуудал олны анхааралд орж ирсэн. Түүнээс биш өмнө нь тоож байгаагүй гэж болно.
Энэ цагаас л Тавантолгойн асуудал бантан болон хувирч эдүгээ улам өтгөрч жонхуу болон хувирч байна. Тэгвэл Тавантолгойг жонхуу болгогсод нь хэн бэ.
Асуудлыг хариуцаж байгаа сайд М.Энхсайхан уу М.Энхсайханыг уг асуудлыг хариуцсан сайд болгож байхад бол манай улстөрчдөөс хэн нь ч дуугараагүй л юмдаг.
Уг нь түүнийг Тавантолгойн асуудал тэр дундаа Энержи Ресурстай холбоотой тухай одоогоос 10-аад жилийн тэртээ анх асуудал хөөсөрч эхлэхэд л яригдаж байлаа. Яг тэр үеэс л Тавантолгой бантан болж эхэлсэн билээ.
Гэвч өнгөрсөн оны сүүлчээр М.Энхсайхан Ерөнхий сайд асныг "мундаг" хүн гээд л дэмжин мега төслүүдийг хөдөлгөх Засгийн газрын сайдаар тохоон томилж билээ.
Ингээд тэрбээр Ажлын хэсгийнхээ хамт гурван сар гаруй консорциумтай хэлэлцэн байж гэрээг гарын үсэг зурахад бэлэн болгов.
Энэ хооронд л асуудал эхлэх нь тэр. Түүнийг Монгол улсын төлөө биш Энержи ресурсын төлөө, консорциумын төлөө тэр бүү хэл Хятадуудын төлөө, Шинхуан төлөө ажилласан гэсэн хардлага эхэлсэн.
Ингэснээр Тавантолгойг бантагнуулсан бүр жонхууруулсан хүмүүсийн тэргүүн эгнээнд М.Энхсайхан хамгийн дээгүүрт бичигдэж байна. Уг нь Монгол улсын сайд та бидний төлөө, эх орныхоо төлөө л ажиллах учиртай.
Гэвч 20 айлыг баяжуулахын төлөө ажиллаж байгаа гэгдэж байх нь хачирхалтай. Эдийн засгийн бодлоготны хувьд сүүлийн хэдэн жил М.Энхсайханы амнаас “мега төсөл” гэх үг байнга унах болсон.
Гэхдээ мега төслийг цөөн хэдэн хүний эрх ашгийн төлөө бус нийт ард түмэн, улс эх орныхоо төлөө л хэрэгжүүлдэг юм гэдгийг эрхэм сайд ухаардаг уу гэдэг л хамгийн ээдрээтэй асуудал болж байна.
Монгол улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод сонгуульт хугацаа нь талдаа орж яваа Ц.Элбэгдоржийн хувьд Тавантолгойн асуудал энэ удаа олны анхаарлын төвд орж ирэх үед асуудлыг УИХ-аар оруулалгүй Засгийн газар шийдээд явчих хэрэгтэй хэмээх мэдэгдлийг хийж байлаа.
Энэхүү мэдэгдэлд нь гайхшрах хүн гайхаагүйгээсээ их байсан. Гайхахын хувьд Монгол улсыг 200-300 жил тэжээх хэмжээний нөөцтэй гэгддэг, стратегийн ордыг нийт ард түмнийхээ төлөөлөл болон УИХ-д сууж байгаа 76 гишүүн ярилцаж шийдэхгүй, Засгийн газрын 10 гаруйхан хүн шийдэх нь учир дутагдалтайд оршино.
Мөнхүү Тавантолгойн ордын нэгээхэн хэсгийг ард түмэнд хувьцаа болгон өгсөн нь ч хэдэн жилийн өмнөх явдал. Одоогоор үнэ цэнэтэй болоогүй тэр хувьцааг үнэтэй болгох нь л төрийн үүрэг.
Тэгээд ч энэхүү ард түмэн бидэнд олгосон хувьцааг анх хэн санаачилсан гэхээр Ц.Элбэгдорж 2008 оны сонгуулийн өмнө буюу 2007 онд санаачилж байсан юм.
Тэрбээр 2 сая 700 мянган “Чингисийг сэрээж” байх тэр үедээ “Эрдэнийн хувь” гэдэг нийтлэл бичиж ард түмэндээ 1 сая төгрөгтэй тэнцэх эрдэнийн хувь буюу хувьцаа тараах асуудлыг гарган тавьж, улмаар тэр нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хамгийн гол асуудал болон орж байлаа.
Мөн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө ч тэрбээр энэ асуудлыг өөрийн мөрийн хөтөлбөрт оруулсан нь ард түмнээс дэмжлэг хүлээж байлаа.
Тэгэхээр Ц.Элбэгдоржид Тавантолгойг Монголынхоо нийт ард түмэнд хүртээлтэйгээр ашиглахыг анх санал болгосон мөртлөө асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн нь хачирхалтай хэрэг юм.
Ер нь Ц.Элбэгдорж улстөрчийнхөө хувьд Тавантолгойн асуудалтай бас л нягт холбогдсон нэгэн. Тэр ч үүднээсээ Тавантолгойд бантан зуурагчдын нэг төдийгүй жонхуурахад ч өөрийн хувь нэмрээ оруулсан нь тун ойлгомжтой юм.
Түүнийг хоёр дахь удаагаа Монгол улсын Ерөнхий сайд болсон 2004-2005 оны үед Тавантолгойг улстөр бизнесийн 14 олигархийн хамтарсан Энержи ресурс хэмээх компани эзэмшиж байгааг Монголчууд мэдсэн билээ.
Харин түүнийг Ерөнхий сайдаас огцорсоны дараа С.Баярын Засгийн газрын үед Энержи ресурсад байсан ихэнх улстөрчид хувиа зарах нь зараад шилжүүлэх нь шилжүүлээд гарч одсон гэдэг.
Ингээд Тавантолгойг эзэмшигч Энержи ресурс-д АН-ын Г.Батхүү л илээр үлдэж хоцорсон. Илээр гэдгийн хувьд энэхүү компанид хувьцаа эзэмшиж байсан улстөрчдийн зарим нь далдуур хувиа хадгалж үлдсэн гэдэг хардлага их байдагтай холбоотой юм.
Мөн энэхүү Энержи ресурс-д багтаж байсан улстөрчдөөс Ц.Цэнгэл тухайн үеийн УИХ-ын гишүүн сайд асан, “Молекул” хэмээх Батж.Батбаяр УИХ-ын гишүүн асан хоёрын хувьд хэвлэлээр өөрсдийн хувиа зарсан тухайгаа ярьсан байдаг. Тэр дундаа бүр үлдсэн нь хожиж байгаа тухай ч ярьсан нь бий.
Мөн энэхүү консорциумд багтаж байсан Т.Бадамжунай нарын улстөрчид ч хувиа зарсан гэдэг. Харин намаасаа нэлээд шахалт үзсэн Сү.Батболд хувиа зарсан гэдэг ч түүнийг далд хувьтай гэх хардлага маш хүчтэй явдаг.
Эдүгээ ч уг асуудал яригдсаар байгаа билээ. Тухайн 2007-2008 оны үед С.Баяр МАН МАХН-ын, Ц.Элбэгдорж АН-ын даргын хувиар гишүүдээ Тавантолгойгоос шахаж “холдуулсан”. Ингээд Тавантолгойг төр 100 хувь мэдэлдээ авч байгааг зарласан ч Энержи ресурс-д ердөө 4-хөн хувийг нь үлдээлээ гэдгийг бас мэдэгдсэн.
Тэр үед тэрхүү 4-хөн хувьд коксжих нүүрс хамгийн өндөр хувьтай болох тухай шуугиж байлаа. Үүнээс хойш төр Тавантолгойг ашиглах асуудлаар байнгын хэрүүлтэй байсан бол Энержи ресурс гадаадаас ихээхэн хөрөнгө оруулалт босгож, мөн Гонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийн мөнгө босгож нэлээд ажил хийсэн.
Тэр цагаас хойш тус компанийг нэлээд томруулж дараагийн нүүдэлдээ бэлтгэж байсан нь энэ зуур тодорхой болж байна. Тэр нь Энержи ресурс-д Тавантолгойг “буцаан өгөх” үйл явж байсан аж.
Ц.Элбэгдоржийн сонгуулийн гол ивээн тэтгэгчид болох Г.Батхүүгийн “Шунхлай”, Ж.Оджаргалын “МСS” компаниуд эдүгээ Энержи ресурсын гол хувьцаа эзэмшигчид. Энэ үүднээс харахад л Ц.Элбэгдорж тус компанид Тавантолгойг өгүүлэхэд хориг тавьж чадахгүй нь харагддаг хэмээх хүмүүс бас бий.
Нээрээ ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ өмнөх дөрвөн жилд архитай тэмцэх ажлыг санаачилсан ч тэгэсгээд чимээгүй болж байлаа. Учир нь түүний гол ивээн тэтгэгчид болох Г.Батхүү болон “МСS”-ийн эрх ашигтай холбоотой билээ.
Г.Батхүү “АПУ-г эзэмшдэг бол нөгөөх нь “Спирт бал бурам”-ын эзэн. Тэгэхээр энэ удаад ч тэдний эрх ашиг ард түмнийхээс илүү өндөрт тавигдаж байгаа нь энэ. Ц.Элбэгдоржид мөн Тавантолгойн асуудал асар том ацан шалаа болсон тухай ярих хүмүүс ч цөөнгүй байна.
Тэр нь юу гэхээр мань эр өөрийн амлалт болох “Эрдэнийн хувь”-д үнэнч баймаар байдаг гэтэл ивээн тэтгэж санхүүжүүлэгчид нь яах гээд байна гэх. Гэтэл мань хүнийг Харвардад сургасан АНУ болон тус улсын Пибоди энержигийн шахаа гэж бас нэг аюул.
Тиймээс л Ц.Элбэгдорж асуудлыг мөд шийдэгдэхээргүй талд дуугарсан гэх хардлага бас явэ байгаа юм. Ийм л хачин хувь тохиол Тавантолгойг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болоход хүргээд байгаа нь энэ.
Мөн Тавантолгойг төр 100 хувь мэдэлдээ авах ёстой тухай Ерөнхийлөгч байхдаа мэдэгдэл хийж байсан Н.Энхбаяр ч асуудлыг ноцтойгоор таьсаар ирсэн. Тэрбээр Сү.Батболдын тухай нэлээд ноцтой мэдэгдлийг нэгэн ярилцлагадаа хэлсэн нь эдүгээ ч яригдсаар байдаг юм.
Харин одоогийн УИХ-ын дарга З.Энхболдын хувьд энэ удаа л Тавантолгойн толгойн асуудалд өөрийн байр сууриа илэрхийлэх боломж олдсон нь асуудлыг гацаах байдалд хүргээд байгаа юм.
Тэр УИХ-ын дарга, эрх баригч намын дарга, ҮАБЗ-ийн гишүүнийхээ хувьд Тавантолгойн асуудлыг зөв талд шийдэхгүй бол ирэх сонгуульд сайнаа үзэхгүйгээ ойлгосон болов уу.
Гэхдээ түүнийг энэ асуудлаар ноцтой мэдэгдэл хийхэд хүргэсэн зарим учир шалтгаан нь өмнөх Засгийн үед Зам тээврийн сайд байсан одоо хуулийн бодлогынх нь зөвлөх А.Гансүх болон УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн "Женко" хэмээх Х.Баттулга нар гэдэг асуудал ч яригдсаар байна.
Тэгэхдээ энд нэр дурдсан хүмүүсийн хувьд Тавантолгойн асуудлаас илүүтэй урагшаа болон зүүн тийш тавих шинэ төмөр замын асуудалд илүү холбоотой яригдсаар ирсэн билээ.
Харин З.Энхболдын тухайд тэрбээр УИХ-д суудалтай нам, эвслийн гишүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах захирамж гаргаж ажиллуулсан нь 20 гаруй хоног ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувьд үе үе Тавантолгойн хэлэлцээрийг цуцлах тухай ярьсаар байна.
Ерөнхийдөө манай УИХ, Засгийн газрын гишүүд Тавантолгойн асуудлаар хоёр хуваагдчихаад байгаа нь тун ойлгомжтой болсон. Гэхдээ сүүлийн үед энэ асуудлаар зөвшилцөж харилцан ярилцаад хэн хэн нь буулт хийн асуудлыг шийдэх нь гэсэн хүлээлт бий болоод байна.
Г.Самбаа
Эх сурвалж: Gereg.mn