Шүүх байгуулах тухай хуулийн төслийн талаар ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хэвлэл олон нийттэй харилцах албаны дарга Л.Бямбаа нар мэдээлэл хийлээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр Үндсэн хуулийн цэцээс одоо мөрдөж байгаа шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн шийдвэр гаргасны дагуу хуульд заасан бүрэн эрхийн хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөл уг хуулийн төслийн саналыг бэлтгээд Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар энэ сарын 12-ны өдөр зөвшилцөөд хариу ирүүлжээ.
Мөн Ерөнхийлөгчид хуулийн төслийг хүргүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар уг төслийг хэлэлцэх юм. Үндсэн хуулийн цэцээс долдугаар сарын 1-нээс эхлэн холбогдох зүйл заалтыг түдгэлзүүлсэн байгаа. Уг төсөлд таван нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, 1. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарчмыг баримтлах ёстой гэсэн санааг шийдвэртээ тусгасан учраас шүүхийн харьяаллын асуудлыг шийдэхдээ энэ зарчмыг баримталжээ. Өмнө нь Налайх дүүргийн шүүхэд Төв аймгийн зарим сумдын маргааныг шийдвэрлэдэг байжээ. Уг асуудлыг харьяаллын дагуу шүүхэд нь шилжүүлж байгаа. 2. Булган, Сэлэнгэ аймагт захиргааны хэргийн шүүх байгуулаагүй нь үндсэн хуультай нийцэхгүй байсны дагуу тус аймгуудад шинээр шүүх байгуулах асуудлыг тусгажээ. 3. Давж заалдах шатны шүүх нь харьяалж буй бүх аймаг байрлан үйл ажиллагаа явуулах бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан аймаг бүрт шүүх хуралдаан хийх боломжтой.
Энэ нь аймаг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэж байгаа юм. 4. Монгол Улсын хэмжээнд сум дундын 29 шүүх байдаг. Үүнээс найман шүүх томоохон суурин газруудад байдаг. Дээрх найман шүүхээс бусад шүүхийг Эрүүгийн болон Иргэний гэсэн дагнасан байдлаар оруулжээ. Ингэснээр шүүхийг дагнаж байгуулах бодлого хэрэгжиж, цаашид 21 аймгийн сум дундын шүүх үндсэндээ эрүү болон иргэний шүүх гэж дагнан ажиллах боломжтой байна. 5. Дүүргийн шүүхийг 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар "Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх", "Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх" гэж нэрлэснийг өөрчилнө. Үүний оронд "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх" гэх мэт харьяалах нутаг дэвсгэрийн нэрээр нэрлэх талаар ШЕЗ-өөс мэдээлсэн юм.
С.НАРАН