Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Шүүх байгуулах тухай хуулийн талаар ярилцлаа.
-Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барих болсон шалтгаан нь юу юм бол?
-Өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр Үндсэн хуулийн цэцээс “Одоо мөрдөж байгаа шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хуульд нийцэхгүй байна” гэсэн шийдвэр гаргасны дагуу хуульд заасан бүрэн эрхийн хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөл уг хуулийн төслийн саналыг бэлтгээд Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар энэ сарын 12-ны өдөр зөвшилцөөд хариу ирүүлсэн. Үүний дагуу тавдугаар сарын 12-нд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ хуулийн төслийг Ерөнхийлөгчид хүргүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д Шүүх байгуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ долоо хоногоос эхлээд УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганаар энэ төслийг хэлэлцэх ажил эхлэх байх.
-Энэ хуулийн төсөлд ямар саналууд тусгаж байгаа талаар дурдвал?
-Энэ төсөлд үндсэндээ өмнөх хуультайгаа харьцуулах юм бол таван нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгасан. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн зарчмыг баримтлах ёстой гэсэн саналыг шийдвэртээ тусгасан учраас шүүхийн харьяаллын асуудлыг шийдэхдээ энэ зарчмыг барьсан. Тухайлбал, өмнө Налайх дүүргийн шүүхэд Төв аймгийн зарим сумын маргааныг шийддэг байсан нь больж байгаа. Ийм асуудал Хархорин, Мандал сум зэрэг хэд хэдэн суманд байсныг өөрчилсөн. Хоёрдугаарт, Цэцийн шийдвэрт Булган, Сэлэнгэ аймагт захиргааны хэргийн шүүх байгуулаагүй байгаа нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэсний дагуу Булган, Сэлэнгэ аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүх шинээр байгуулахаар хуулийн төсөлд оруулсан. Гуравдугаарт, Монгол Улсын хэмжээнд багагүй хэлэлцүүлэг өрнөсөн асуудал болох давж заалдах шатны шүүхийг аймгийн дунд байгуулсан тухай иргэдийн шүүмжлэлийг авч үзсэн. Үндсэн хуулийн цэц мөн аймаг дунд нэг шүүх байгуулсан нь Үндсэн хуультай нийцээгүй байна гэдэг шийдвэр гаргасан. Ялангуяа нэг аймгийн иргэд давж заалдах журмаар гомдол гаргахдаа өөр аймагт очдог, шүүх хуралд оролцдог нь иргэдийг чирэгдүүлсэн асуудал болж байна гэсэн шүүмжлэл дагуулсан. Тиймээс энэ асуудлыг шийдэхдээ тухайлбал, өмнө нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн дунд Дорнод аймагт иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны нэгдүгээр шүүхийг байгуулсан. Тэгвэл одоо оруулж байгаа саналаар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн буюу эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэж нэрлэх юм. Нэршлийн хувьд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, гурван аймгийн шүүх байна гэдэг санааг оруулж байгаа. Нөгөө талдаа агуулга нэлээд өөр болно. Өөрөөр хэлбэл, энэ шүүх гурван аймагтаа зэрэг байрлах боломжтой. Гурван аймагтаа иргэдийн өргөдөл гомдлоо хүлээж авч, гурван аймагтаа шүүх хурлаа хийх учраас энэ нь үндсэндээ гурван аймгийн шүүхтэйгээ адилхан болно. Ингэснээр иргэдэд чирэгдэл үүсдэг, өөр аймаг руу явдаг асуудал байхгүй болно гэсэн үг.
Дөрөвдүгээрт, Монгол Улсын хэмжээнд сум дундын 29 шүүх байсан. Үүнээс найман шүүх томоохон суурин газруудад байдаг. Дээрх найман шүүхээс бусад шүүхийг эрүүгийн болон иргэний гэсэн дагнасан байдлаар оруулжээ. Ингэснээр шүүхийг дагнаж байгуулах бодлого хэрэгжиж, цаашид 21 аймгийн сум дундын шүүх үндсэндээ эрүү болон иргэний шүүх гэж дагнасан байдлаар байгуулах санал оруулсан. Тавдугаарт, Дүүргийн шүүхийг 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар "Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх", "Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх" гэж нэрлэснийг өөрчилнө. Үүний оронд "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх" гэх мэт харьяалах нутаг дэвсгэрийн нэрээр нэрлэнэ.
-Хэрвээ энэ хуулийн төслийг батлахгүй бол ямар асуудал үүсэх вэ?
-Хэрвээ энэ хуулийн төслийг долоодугаар сарын 1-нээс өмнө батлахгүй бол долоодугаар сарын 1-нээс эхлээд Монгол Улсын зарим шүүх хуулийнхаа дагуу хүчингүй болно. Тиймээс долоодугаар сарын 1-нээс өмнө Шүүх байгуулах тухай хуулиа зайлшгүй батлах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, зарим шүүх үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг.
-Тухайлбал?
-Тухайлбал, давж заалдах шатны шүүх байна. Үндсэндээ шүүн таслах хэвийн ажиллагаа алдагдана. Хэрэг маргаан шийдэж чадахгүй болно гэсэн үг л дээ.
-Шүүх байгуулахтай холбоотойгоор зардал гарах байх. Хэчнээн төгрөгийн зардал гарах бол?
-Хууль зүйн байнгын хороонд энэ асуудлыг ярьж байхад 2015 онд санхүүгийн байдал хүнд байгаа учраас нэмж төсөв гаргах хувилбар байж болохгүй. Одоо байгаа төсөвтөө багтаагаад энэ өөрчлөлтаа хий гэсэн. Бидний оруулж байгаа төсөл бол 2015 онд батлагдсан төсвийн хэмжээнд явж байгаа. Нэмэгдэл зардал 3.5 тэрбум төгрөг гарна. Гэхдээ тэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо байгаа төсвийн хэмжээнээс шийдээд явах боломжтой. Түүнээс ямар нэг нэмэгдэл төсөв шаардлагагүй.
-Орон тооны өөрчлөлт хэр гарах вэ?
-Орон тооны тухайд, 2015 онд 45 шүүгч нэмэгдүүлнэ гэж төлөвлөсөн байсан. Тийм учраас энэ 45 шүүгчийнхээ хэмжээнд орон тооны асуудлаа шийдээд явах боломжтой гэж харж байна.
-Орон тооны хувьд баталсан төсөв, төлөвлөгөөндөө багтаах боломжтой гэлээ. Хоёр аймагт шинээр шүүх байгуулахад мэдээж зардал гарах байх. Энэ тухайд?
-Булган, Сэлэнгэ аймагт шинээр шүүх байгуулахад ойролцоогоор 6-8 шүүгч хэрэгтэй болно. Энэ найман шүүгч дээр дурдсан 45 шүүгчийнхээ орон тоонд багтсан. Эндээсээ шийдчих учраас төсвийн асуудал гарахгүй гэж бодож байна.
-Сум дундын шүүхийг иргэний, эрүүгийн гэж салгана гэсэн. Энэ тохиолдолд шүүгч нар яаж ажиллах вэ?
-Одоо бол дунджаар зургаан шүүгчтэй ажиллаж байна. Зарим газарт найман шүүгч байгаа. Тэгэхээр гурав юм уу, дөрвөөр хуваагдаад явна. Шүүгчдийн өөрсдийнх нь саналыг авна. Одоо байгаа практикт шүүгч нар ихэвчлэн хуваагдчихсан байгаа. Нэг хэсэг нь иргэнээр нөгөө хэсэг нь эрүүгээр дагнаад явж байна. Тэгэхээр шүүгчдийг эрүү, иргэнээр ажиллахад асуудал гарахгүй байх гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
П.ЭРДЭНЭ