05.26

Кэти Перри салсан нөхрөө дурсав

Эдүгээ 30 настай дуучин Кэти Перри экс нөхөр инээдмийн жүжигчин Рассель Брэндийн талаар салсанаасаа хойш анх удаагаа дурсчээ.  Кэти, Рассель нар 2010 оны аравдугаар сард хуримлаж байжээ. Гэсэн ч жил гаруйхан хугацааны дараа Рассель гэрлэлт цуцлуулах хүсэлт гаргаж, 2012 оны долдугаар сард хосууд тус тусын замаа хөөх болсон юм.

Энэ салалтын дараа дуучин бүсгүй дуучин Жон Мэйертэй салж, нийлэн шар хэвлэлийн хуудаснаа заларсаар байгаа билээ. Тэгвэл Расселиас салсанаасаа хойш гурван жилийн дараа Кэти анх удаагаа нөхрийнхөө тухай ам нээлээ.

Тэрбээр Телеграф сонинд өгсөн ярилцлагадаа “Гэрлэлт цуцлуулах хүсэлт гаргаснаасаа хойш тэр надтай нэг ч удаа яриагүй. Тэр ярихыг хүсээгүй юм шиг байна билээ. Дуу хөгжим чинь чамд надаас илүү чухал байх гэж хэлж байсан” хэмээн хуучилсан гэнэ. 

Түүнчлэн Кэти дахин хүн хайрлахаас айхгүй байна гэдгээ ч хэлээд амжжээ. Кэти Перри экс нөхрөөсөө салсаныхаа дараа “By the Grace of God” зэрэг дуунуудаа туурвиж, салалтын дараах уйтгар гунигийг өгүүлсэн байдаг.