Ирэх сарын 6-ны өдөр тохиох “Автомашингүй өдөр”-өөр нялхас “Тэрэгтэй парад” хийх гэнэ. Уг парадад нялх, нярай, балчир, бага насны хүүхдүүд аав ээжийнхээ хамт оролцох бөгөөд Чингисийн талбайгаас Баруун дөрвөн зам хүртэл алхах ажээ.
Хэрвээ дараах асуултуудад та “тийм” гэж хариулж байгаа бол “Тэрэгтэй парад-2015”-д нэгдэхийг зохион байгуулагчид уриалж байгаа юм байна.
• Машины дуут дохио (сигнал) хүүхдийг тань айлгаж, цочоодог уу?
• Хүүхэдтэйгээ зам хөндлөн гарахад ногоон гэрэл асах хугацаа богино санагддаг уу?
• Хүүхдээ тэрэгтэй нь түрээд явахад тохиромжтой бартаа саадгүй, цэвэр цэмцгэр зам, талбай хангалтгүй байна уу?
• Ер нь таны хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих эрхээ эдэлж чадахгүй байна гэж та үздэг үү гэсэн асуултад та ч бас хариулаад үзээрэй.
Тэрэгтэй парадад оролцогчдын гол зорилго нь төрөөс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардах, хүүхдийн эрүүл өсөн торних боломжийг нэхэхэд оршиж буй ажээ. Жагсаалд оролцогчид хүүхдээ тэрэгтэй нь түрэх, хөтлөх, тэврэх, үүрэгчинд үүрэх ямар ч хэлбэрээр алхаж болох юм байна.