02.27

“Эрдэнэс Тавантолгой”-н Я.Батсуурийг юуны учир баривчлав

“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг баривчилсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг өчигдөр урьдчилан хорих ангид аваачсан байна. Түүнийг ямар үндэслэлээр шалгаж байгааг бид мэдэхгүй байна гэсэн тайлбарыг компанийнх нь ажилтнууд өгсөн. Я.Батсуурийн тухайд “Эрдэнэс Тавантолгой”-н захирал болснынхоо дараа “Ер нь Тавантолгойн зөвшөөрлийн асуудал өөрөө маргаантай. УИХ-ын нэр бүхий гишүүд энэ асуудлыг байнга сөхөж тавьдаг шүү дээ. Хэдийгээр энэ асуудал 39 дүгээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахтай холбогдолгүй ч гэсэн УИХ анхаарч тусад нь авч хэлэлцэж, шийдэх ёстой” хэмээн мэдэгдэж байсан.

 Түүнчлэн өөр нэг ярилцлагадаа “Манай компани гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Цаг хугацааны асуудал бас нэг шалтгаан болох байх. Нөгөөх нь манай компани төрийн мэдлийнх. Бүх үйл ажиллагаа, бараа нийлүүлэлт тендерийн дагуу хийгддэг. Тендерт асуудал гарвал шууд цуцалдаг. Нээлттэй тендерийн хугацаа 30 хоног байдаг. Нэг үйл ажиллагаа явуулах, бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэгт л бид 30-60 хоног алддаг гэсэн үг. Харин хувийн хэвшил бол өөрсдийн боломжоор, хийх чадлынхаа хэрээр хийж байгаа нь давуу тал болж өгдөг. Миний бодлоор тендерийн хуулийг дахин нэг харж, төрийн өмчит компаниудын хууль, эрх зүйн орчинд анхаарал тавих цаг нь болсон. Зарим өөрчлөлтийг хийх хэрэгтэй”. Тендертэй холбоотой асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа учраас энэ асуудалд бидний зүгээс дүгнэлт өгөх боломжгүй. Тус компанийг машин, техник нийлүүлсэн зэрэг асуудлаар шалгаж байгаа. Эрдэнэс Таван толгой байгуулагдсанаасаа хойш уул уурхайн чухал шаардлагатай 30 гаруй тээврийн хэрэгсэл худалдаж авсны 10 нь одоогоор ашиглалтаас гараад байгаа. Ямар шалтгаанаар ашиглаж болохгүй байгааг мөн л хууль, хяналтын байгууллага тодорхой болгох байх” хэмээн ярьж байв.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанид 7  тэрбум төгрөгийн хэнд ч хэрэггүй техник хэрэгсэл шахсан асуудлыг УИХ-ын байнгын хороонд яригдаж байв. Тодруубал, “Эрдэнэс Тавантолгой”-н Зүүн цанхийн уурхайд  энэ долоон тэрбумыг арав дахин өсгөсөн хэмжээтэй буюу 70 тэрбум төгрөгийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг “Моннис Интернэшнл” ХХК хууль бусаар авсан тухай мэдээлэл гарсан. Түүнчлэн “Моннис Интернэшнл” ХХК  “Эрдэнэс Тавантолгой”-д “Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ”-г удаа дараа хийсэн байна.  Улмаар тендерийн бичиг баримтын дагуу АНУ-аас нэг бүр нь 6.6 тэрбумын үнэтэй  таван ширхэг автосомасвол нийлүүлэхээр 33.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч, гэрээнд заасан хугацаанаас хожимдуулан БНХАУ-аас хямд үнэтэй, чанарын шаардлага хангахгүй автомашин нийлүүлснээс болж байнга эвдрэл гарч, хоёр ширхэг автомашин нь өнөөдрийн байдлаар ажиллахгүй байгаа гэх мэдээлэл ч гарч байсан. Ямартай ч очсон даруйдаа “Эрдэнэс Тавантолгой”-н булхайг дэлгэж байсан Я.Батсуурь өдгөө хоригдож  байна. Түүнийг чухам ямар асуудлаар шалгаж байгаа нь удахгүй тодорхой болох биз ээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн 2014 оны наймдугаар сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-д үндсэн өрийн хувьд 110 орчим сая ам.доллар төлөхөөр байсан. Учир нь өмнөх Засгийн газрын үед Чалькогоос анх 350 сая ам.долларын гэрээ байгуулж, зээл байдаг билээ.  Ямартай ч мега төслүүдээ хөдөлгөөнд оруулж, хөрөнгө оруулагчидтай уулзалт хийх энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой”-н захирал хоригдсон нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

П.ТУУЛ