УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын 54 дүгээр тогтоол Үндсэн хуулийн холбогдор заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэсэн Цэцийн долдугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм.
Цэцэд Цагаансуваргын ордыг төрийн мэдлээс гаргаж хувийн компанид шилжүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг УИХ-ын гишүүн Л.Цог гаргасан билээ. Тэгвэл цэц уг тогтоолын төслийг Үндсэн хууль зөрчөөгүй гэх шийдвэр гаргасан юм.
Үргэлжлүүлэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураахад гишүүдийн 75 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ингэснээр хуулийн төслийг Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд Үндсэн хуултай зөрчилдөх эсэх, луйвар, наймаа цэцэглэх, хүүхдэд өмчлүүлсэн газрыг хэрхэх талаар асуулт асууж байлаа. Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээрх хуулийн төсөл Үндсэн хуультай огт зөрчилдөхгүй гэсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ хэлж энэ талаар иргэдээс судалгаа авсан эсэхийг тодруулав. Байраа алдчих гээд уйлж яваа, зээл авах гэж хөөцөлдөж байгаа иргэдээс судалгаа авсан уу гэсэн гишүүний асуултад Хуульзүйн сайд Д.Дорлигжав “Хууль гараагүй учраас судалгаа авч болохгүй байна. Үндсэн хуультай зөрчилдөөгүй. Энэ хууль гарахгүй бол газраа эргэлтэд оруулж чадахгүй. Байр сууц гэдэг гэрээний хариуцлага, өөрийн эрсдлээ хүлээх хариуцлага юм” гэсэн хариулт өгсөн юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд С.Ганбаатар гишүүний болгоомжлол зөв хэмээлээ. Өөрөөр хэлбэл, гарын үсгээ зураад газраа алдахгүй байх талаас хамгаалалт хийх ёстой. Газрын луйвар их байна. Хууль ёсоор байшингаа зарчихаад газрын гэрчилгээг аваад үлдчихдэг луйвар гардаг. Үүнийг анхаарах ёстой хэмээв.
Харин Ц.Оюунгэрэл гишүүн хэлэлцэхийг дэмжиж байгаа ч хүүхдийн газрын асуудлыг анхаарах ёстой гэсэн санал гаргалаа. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулиар хүүхдийн газрын асуудал явах гээд байгаа бол иргэний хуульд газрын тухай асуудлыг тусад нь оруулж, энэ асуудлыг тусгах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Хүүхдийг нэг настай байхад авсан газар 18 нас хүрэхэд илүү үнэд орно. Үүнийг нэг хуульд оруулах нь учир дутагдалтай. Газар өмчлөх эрх зөвхөн Монгол Улсын иргэнд байгаа учраас онцгой анхаарах ёстой.
Харин одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Эрүүгийн хуулийг өөрчлөх гол шалтгаан нь хүний эрх зөрчдөг байдлыг арилгах зорилготой” хэмээн тодорхойлсон юм. Хуралдаан үргэлжилж байна.