Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олон олон улсын билет зуучлалын төвийн байраа суллан 450 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байгуулах шийдвэр гаргах болсон талаар өчигдөр тус байгууллагын дарга Л.Пүрэвбаатар мэдэгдсэн юм.
Тэгвэл шийдвэрийг өчигдөр эцэслэн гаргажээ. Энэхүү байр нь өмнө нь цэцэрлэгийн зориулалттай байсан учраас зориулалтын зүйлийг зориулалтаар нь ашиглана гэдгээ Л.Пүрэвбаатар дарга мэдэгдсэн юм.
Захиргааны нэг байрыг суллан цэцэрлэг болгох зардлыг төмөр зам 100 хувь гаргах бөгөөд улсын цэцэрлэг байх уу, төмөр замын цэцэрлэг байх уу гэдгийг БСШУЯ шийдвэрлэх юм байна. БГД-т сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 13.000 гаруй хүүхэд бий.
Дашрамд дурьдахад тус байгууллагын хамт олон өчигдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдардаг төвд зочилж тэдгээр хүүхдүүдэд нэн хэрэгтэй байдаг оюун ухааныг нь хөгжүүлэх тоглоом бэлэглэсэн билээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хүүхдэд хандсан олон үйл ажиллагааг ч цаашдаа зохион байгуулна хэмээн мэдэгдсэн юм.