06.03

Туул гол руу бохироо урсгахыг иргэд дэмжихгүй байна

Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхээр болсон тул энэ сарын дундуур засварыг эхлүүлнэ гэдгийг албаныхан мэдэгдсэн байгаа. Яаралтай засварлахгүй бол нэг л өдөр цэвэрлэх байгууламж ажиллахаа больж, бохир халих аюул тун ойрхон болсон байгаа юм. Төв цэвэрлэх байгууламжийг анх байгуулсан цагаас хойш шинэчлэгдээгүй зарим байгууламжуудад цооролт үүсэж, цооролтын хэмжээ ихэссээр байгаа аж.

Уг нь бол гурван хоног засварлах бөгөөд нийслэлийн бохирыг Туул гол руу урсгах уу, эсвэл гурван хоног усгүй байх уу хэмээн олон нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг холбогдох яам болон харьяа байгууллагууд хамтарч гаргаж чадахгүй байгаа юм.

Тэгвэл 50 сая төгрөгийн хөрөнгөөр хийх дээрх засварын ажилд иргэд усны хязгаарлалтаа хийхийг дэмжиж байгаа аж. Туул голоо бохирдуулж байснаас гурав хоног усаа хязгаарласан нь хамаагүй дээр гэж үзэж байгаа нь тодорхой.

Түүнээс гадна БОНХАЖЯ-наас Туул гол руу их хэмжээний бохироо урсгахгүй, харин усаа хязгаарлалтад оруулсан нь илүү үр дүнд хүрнэ гэдгийг илэрхийлсэн юм.