06.04

Мөн загнаж, даалгав аа

 Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэгэнтээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг өрөөндөө дуудаж үүрэгдлээ. Бас болоогүй нэлээд загнангуй, даалгах маягтай. Энэ бол Ерөнхий сайдын өдөр тутам, бүр мөч тутмын ажил байх ёстой. Гэтэл мань эр хэвлэл мэдээллийнхэнг дууджээ. Танхимынхаа хоёр сайдтай ажил яриад үүрэг өгөөд ч байгаа юм шиг, нөгөө талаар загнах гээд ч байгаа юм шиг. Эс бөгөөс камерын өмнө зүгээр л жүжиг тавиад ч байх шиг хачин юм болов.

     Ерөнхий сайд хоёр сайддаа үүрэг өгч ажлынх нь явцыг лавлахад хэвлэл мэдээлэл ямар хэрэгтэй юм бэ. Заавал нэг камер зоочихоод түүнийхээ өмнө жүжиг тавьж, хичээж байхаар ажлаа түс тас шийдээд л явах ёстой юм биш үү. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л сонгууль дөхөх үед хэдэн камер зоочихоод Үүл баатраа загнаж зандраад сүйд болдогсон. Тэр санаанд орж инээд хүрч суулаа.

     Уг нь тэдний хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа ажил нь боломжийн. Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөтөлбөр юм.

   Яахав, Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Уг нь зөв санаа, хиймээр ажил бол мөн.

     Гэтэл Ерөнхий сайд маань ажил гэхээсээ илүүтэй реклам талдаа л дүлэгнэж суугаа нь харамсалтай.

А.Гал