ШӨХТГ-ын улсын байцаагч нар “...банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” гэх зөрчлийг тогтоож, нэр бүхий есөн банкинд албан шаардлага хүргүүлсэн байдаг.
Гэтэл үүнийг “Хас” банк, “Капитал” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банк, “Ариг” банк, “ХААН” банк, “Капитрон” банк, “Чингис хаан” банк, Улаанбаатар хотын банк үл зөвшөөрч, илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхүүд хянан хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий есөн банкны нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2015 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм. Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк, “ХААН” банкны зүгээс өмгөөлөгч авах хүсэлтийг тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг энэ сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
С.НАРАН