WW, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэй чөлөөт бөхчүүдийн ээлжит чансааг гаргажээ. Энэ удаа чансааг гарахдаа Катар улсын Доха хотод, болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Египет улсын Алексдри хотод болсон Африкийн аварга шалгаруулах тэмцээн, Куба улсын Ла Хабана хотод болсон Пан-Америкийн аварга шалгаруулах тэмцээн, Германы Гран-При, Болгарын Дан-Коловын, “Монголиан Орен” зэрэг олон улсын тэмцээний дүнг харгалзан үзсэн байна.
Жин тус бүр эхний 20 бөхөөр чансааг гаргадаг, энэ удаа дэлхийн чансаанд манай 8 эрэгтэй бөх багтсан байна.
Эрэгтэй 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр хоёрдугаарт эрэмблэгдсэн нь манай бөхчүүдийн хувьд онцгой үйл явдал болж байна. Сүүлийн хоёр жилийн турш гаргаж байгаа чансаанд манай бөхчүүд жиндээ хамгийн дээд үзүүлэлт нь гуравдугаар байр байсан юм.
61 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Ням-Очир наймдугаарт, 61 кг-ын жин олон улсын хэмжээний мастер Б.Номин 19 дүгээрт, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран зургаадугаарт, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн зургаадугаарт, 97 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга 18 дугаарт, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат 12 дугаарт бичигдсэн байна.