06.08

Орон сууцны урьдчилгаа 10 хувь болох нь үлгэр үү

Баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үзэх гэсэн хүний тоо наадмын бөх сонирхогчдоос хэд дахин илүү байлаа. Энэ нь ч аргагүй. Учир нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы хуралдаан дээр Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд хүн амын тэн хагасаас илүү хувь нь орон сууцтай болохыг мөрөөдөн амьдарч байна. Орон сууцны үнэ, авдаг цалингийн зөрүү дэндүү их учраас мөрөөдөхөөс өөр арга ч алга. Харин саяхнаас орон сууцны урьдчилгаа төлбөрийг арван хувь болгон бууруулна гэх болсон. Үүнээс шалтгаалан 30 хувиа бүрдүүлчихээд байсан нь ч тэр, ийм хэмжээний урьдчилгаа цуглуулж чадахгүй хэсгийнхэнд ч хүлээлт үүсч орон сууцны борлуулалт таг зогсоод байлаа.

Тиймээс Ерөнхий сайдын мэдээлэл эргэлзээг арилгах болов уу гэж бодсон ч түүний үгнээс шийдэл харагдсангүй. Зарим хүн урьдчилгаа төлбөрийн 20 хувийг хөнгөлөх, эсвэл Засгийн газар дэмжлэг үзүүлж олгох мэтээр ойлгож байгаа. Энэ нь өрөөсгөл бөгөөд үлдсэн 90 хувийг зээлдэгч өөрөө төлнө. Харин таны төлөх 90 хувийн 20-д нь Засгийн газар банкинд баталгаа гаргаж өгнө гэсэн үг. Гэхдээ хэзээ эрх зүйн орчин бүрдэж, хэрэгжих нь эргэлзээтэй юм. Ямартай ч орон сууцны урьдчилгаа 10 хувь болох нь үлгэр биш байгаасай гэж хүсэх л үлдлээ. Ерөнхий сайдын мэдээлэл болон гишүүдийн асуултаас тоймлон хүргэе. Ерөнхий сайд “Орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн ипотекийн зээлд 67 мянга гаруй иргэн хамрагдаж, хоёр их наяд 957 тэрбум төгрөгийн зээл олгосон. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 1.8, чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байна” гэж мэдээлэв. Мөн өнгөрсөн онд бариад борлогдоогүй болон энэ онд шинээр ашиглалтад орж байгаа нийт 36 мянга орчим бэлэн орон сууц байна гэлээ. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй энэ үед барилгын салбар болон иргэддээ бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал. Ингэхийн тулд ипотекийн зээлийн ерөнхий журамд тусгасан 30 хувийн урьдчилгаа төлбөрийн 20 хүртэлх хувьд Засгийн газар баталгаа гаргах боломжтой. Хэрвээ ингэвэл банкуудад эрсдэлгүй, харин иргэд 10 хувийн урьдчилгаа төлж байрандаа орно. Үлдсэн 20 хувийг урт хугацаанд төлөх боломжтой гэсэн саналыг Засгийн газраас боловсруулжээ. “Энэ арга хэрэгжвэл зээлийн тогтолцоонд ямар нэг эрсдэл гарахгүй. Тиймээс УИХ бодлогын хувьд дэмжлэг үзүүлбэл Засгийн газар бололцоотой бүх хэлбэрээр ажиллахад бэлэн байна” гэж Ерөнхий сайд хэлсэн юм. Урьдчилгаа төлбөрийг бууруулахын тулд Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг барилгын салбарын хөрөнгө оруулагч болгон ашиглах боломжтой талаар тэрбээр тайлбарлав. Ийнхүү мэдээлэл өгсний дараа гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.

А.Тлейхан: -Орон сууцны урьдчилгаа төлбөрийг арван хувь болгоно гэсэн хүлээлт нийгэмд их байна. Арван сая төгрөгөөр машин авч унах уу, байрныхаа урьдчилгаанд өгөх үү гэдгээ шийдэж чадахгүйд хүрлээ гэх хүн байна. Эдийн засаг хямралтай, иргэд мөнгөгүй, Засгийн газрын бондын хөрөнгийн нэг хэсэг нь барилгын салбарт ороод түгжигдсэн. Ийм үед Ерөнхий сайд мэдээлэл хийж байгаа нь тохиолдлын зүйл биш байх. Баригдсан, дутуу хаягдсан барилгыг эргэлтэд оруулах тухай ярьж байх шиг байна. 30 хувиа төлөөд байр авчих хүн үнэндээ алга. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг ипотекийн зээлд шилжүүлэх асуудлыг ямар хуульд өөрчлөлт оруулж, хэзээ эрх зүйн орчинг нь бүрдүүлэх вэ. Дуншаад байлгүй яаралтай оруулж ирээд шийдүүлээч. УИХ-ын хаврын чуулган дуусах дөхөж байна. Үүнээс өмнө нэг тийш болгохгүй бол намар аравдугаар сар хүртэл асуудал шийдэгдэхгүй нь гэдгийг сануулъя. Харин ТОСК-ийн барьж байгаа барилга хувийн компаниас хямд байгаа. Үүний учир юунд байгаа вэ. Барилгын үнэд хөөс, хөөрөгдөл байна уу. Цаашид орон сууцны талаар ямар бодлого барьж байна вэ. Улаанбаатарт л бариад байх юм уу. Аймаг, суманд ч орон сууцанд амьдрах хүсэл их байгаа. Үүнийг яаж шийдэх вэ. Амины орон сууцны тал дээр дэмжлэг байна уу. Өнөөдөр зах зээлд зарагдахгүй байгаа хэдэн барилга байна вэ. Энэ асуултад хариулт өгнө үү.

Ч.Сайханбилэг: -Засгийн газар ипотекийн зээлийн цаашдын бодлого болон үйл явцыг энэ жилдээ багтаан шийдэхгүй бол болохгүй гэдэгт санал нэгдсэн. Тиймээс сайд нартай хамтраад асуудлаа цэгцлээд явж байна. УИХ-аас ч Монголбанкинд байгаа өмнө нь өгсөн 1.9 их наяд төгрөгийн ипотекийн зээлийнхээ багцыг шийдвэрлэх чиглэл өгсөн. Энэ багц 97.5 хувь нь баталгаатай эргэн төлөлттэй, 500 орчим тэрбумын эргэн төлөлттэй байгаа. Үүнийг Засгийн газар Монголбанкнаас шилжүүлж авна. Нийгмийн даатгалын сан, тэр дундаа тэтгэврийн санг ипотекийн зээлтэй холбож өгөхийн төлөө ажиллаж байна. Зээлийн 30 хувь гэдэг ипотекийн зээлийн тогтвортой байдлыг хангаж байгаа байдал. Тиймээс 30 хувийг хөндөхгүй Зас- гаас иргэдийн авсан зээлийн 20 хувьд баталгаа гаргана. Иргэд 10 хувиа төлөөд зээлдээ хамрагдах боломжтой. Энэ нь эрэлтээ дэмж- сэн, зах зээлтэйгээ нийцсэн төрийн оролцоо юм.

ТОСК-ийн захирал А.Гантулга: -Төр зорилтот бүлэг рүү хандсан чанартай хямд барилгаар хангах зорилгоор ТОСК-ийг байгуулсан. Барилгын компани манайд ам.метр талбайг 980 мянган төгрөгөөр тооцож барьж өгдөг. Бид дэд бүтэц, гаднах шугам сүлжээ, тохижилтын үнийг нэмээд нэг сая 280 мянган төгрөгөөр иргэдэд өгч байгаа. Үүнээс барилгын үнэ хямд байх боломжтой гэдэг нь харагдаж байна. ТОСК барилга барьж байгаа нь бусад барилгын компанид сөргөөр нөлөөлөх боломжгүй. Яагаад гэвэл ТОСК-ийн барьж байгаа барилга нийт барилгын 2.7 хувийг л эзэлж байна. Харин ч зах зээлд орон сууцны үнэ хямд байх боломжтой гэсэн мессэж өгч байна.

Д.Сумьяабазар: -Иргэдээ орон сууцжуулахаар хийж байгаа ажлыг дэмжиж байгаа. Гагцхүү хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулах ёстой. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд тухайн газарт амьдарч байгаа иргэдийн 75 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд 25 хувийг нь албадан газрыг чөлөөлж байгаа нь хүний эрхийг зөрчиж байна. Мөн иргэд барилгыг хэт удаан барьж байна, бидний өмчийг маш бага үнэлж байна гэх зэрэг гомдол гаргаж байгаа. Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэдэн орон сууц ашиглалтад орж, хэдэн айл байрандаа орсон, хэдий хэрийн нөхөн төлбөр олгосон бэ. Дахин төлөвлөлтөд орсон газарт санхүүгийн баталгаа гаргах шаардлагатай байна. Энэ талаар төлөвлөсөн юм байна уу.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар: -Дахин төлөв- лөлтөд орсон газарт санхүүгийн баталгаа гаргах шаардлагатай гэдэг асуудалд тантай санал нэгдэж байна. Иргэдийн эрхийг зөрчсөн зүйлгүй. Хэсэг хүн хэвлэлийн хурал хийж хэвлэлээр гарч байсан. Тэр нь тухайн газарт амьдардаггүй хүмүүс байсан. Өнөөдрийн байдлаар 1189 айлын 63 га газрыг чөлөөлөөд байна. Одоогоор 690 айлд түрээ- сийн төлбөр сард дунджаар 500 мянган төгрөгөөр тооцож өгсөн. Бусад айлаас төлбөрийг нь төлөөд авсан. Дахин төлөвлөлтийн хүрээнд 588 айлын орон сууц ашиглалтад орсон. Одоо 6000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно. Орон сууц эхнээсээ ашиглалтад орвол газар чөлөөлөх ажил эрчимжинэ.

Ц.Нямдорж: -Ийм асуудал ярьж байхад Э.Бат-Үүл яагаад байдаггүй юм бэ. Мөнгө нэхэх болохоор ирээд суучихдаг, хариуцлага асуух гэхээр зугтчихдаг байж болохгүй. Э.Бат- Үүл 2012 оны сонгуульд орохдоо гэр хороололд халуун хүйтэн ус, бохирын шугам татна. Та нар хаусаа бариад есөн үеэрээ жаргаарай гэж амласан нь худлаа боллоо. Одоо гэр хорооллын дахин төлөвлөлт нь түгжээнд орчихоод байна. Би энэ талаар асуух гэсэн юм. Би хоёр, гурван газар очиж үзсэн. Айлуудыг нь нүүлгэчихсэн байна лээ. Газраа чөлөөлчихсөн, ганц кран тавиагүй байна. Тэр айлууд хэдэн жил орон оронгүй явах бол. Цогтбаатар сайд борлогдоогүй 36 мянган орон сууц байна гэлээ. Энэ бол аюул. Иргэд захиалсан орон сууцныхаа үлдэгдэл мөнгийг төлж чадахгүйд хүрч төлсөн мөнгөө буцааж авч байна. Миний асуух гол зүйл Хотын дахин төлөвлөлтийн хууль. Энэ хуулийн төсөл УИХ-д орж ирээд хоёр жил боллоо. Ерөөсөө хөдлөхгүй байна. Би Э.Бат-Үүл, тэр үед сайд байсан Баярсайхан нарт “Та нар улсын хэмжээнд үйлчлэх хууль хийсэн байна аа. Энэ чинь явахгүй. Татаад аваад дахин оруулж ирвэл яасан юм” гэж хэлж байсан. Татаж ч авсангүй, УИХ ч явуулахгүй юм. Энэ хуулийг батлуулахгүй удааж иргэдийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж булааж авч байгаа юм биш үү.

Ч.Сайханбилэг: -УИХ-д ярьж байгаа мэдээлэлдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Борлогдоогүй 36 мянган орон сууц байгаа юм биш. Өнгөрсөн жилийн үлдэгдэл 10- аад мянга, энэ жил баригдахыг нь тооцвол 30 гаруй мянган айлын орон сууц болно гэж байгаа юм. Түүнээс 30 гаруй мянган айлын орон сууц барина гэсэн үг болохоос борлогдохгүй байна гэж ярих нь өрөөсгөл. Өмнөх засгийн газраас өргөн барьсан. УИХ ч хэлэлцэх эсэ- хээ шийдэх хэрэгтэй. Миний хувьд сонгууль ойртсон үед зөв хууль гарч чадах эсэхэд эргэлзэж байна.

М.АЛТАНЦЭЦЭГ