06.10

МУИС-ийг төгссөн оюутнууд дипломгүй хоцрох бололтой

МУИС-ийн төгсөх ангийн оюутнууд өнөөдөр сургуулийнхаа захиргаатай уулзах гэж байгаа аж. Уулзах болсон учир нь кредитийн зөрүү хэмээх мөнгөөр халхавч хийж мөнгө хурааж мөнгөө төлөхгүй бол төгсгөхгүй, диплом өгөхгүй хэмээн дарамталж байгаа гэнэ.

Төгсөх ангийн оюутан бүрээс 75, 93, 100, 450, 800 мянга хүртэл кредитийн зөрүү хэмээх мөнгийг янз бүрээр авч байгаа аж. Уг нь оюутнууд энэ их мөнгийг төлөх ёсгүй атал ХУС захиргаанаас төлөхийг албан хүчээр шаардаад байгааг оюутнууд эсэргүүцэн шат дамжлага бүрээр явсаар МУИС-ийн ТУЗ хүртэл явахад энэ асуудлыг МУИС-ийн ректор нь мэдээгүй байжээ.

Төгсөх курсын кредитийн зөрүүний талаар энэ сарын 04-нд ТУЗ-ийн хуралд ангийн дарга нар очсон бөгөөд кредитийн зөрүү хэмээх мөнгийг төлөхөөргүй болж, удирдамж бичиг гаргаж, нягтлангуудад үүрэг болгоно гэсэн ч өнөөдрийг хүртэл энэ байдал хэвээрээ үргэлжилсээр байгаа аж.

МУИС-ийн захирал н.Мөнхбат нь бүх нягтлангуудад удирдамжийг баасан гарагт гаргаж өгсөн гэж байгаа хэдий ч ямар удирдамж өгсөн болохыг тус сургуулийн Оюутны холбоо ч мэдэхгүй бөгөөд тэр удирдамжийг оюутнуудад үзүүлэхгүй байгаа гэнэ.

Оюутнууд “Өчигдөр ХУС-ийн захирал Баяртогтох, нягтлангууд болон МУИСОХ, ОК-ын дарга нартай уулзсан боловч тэд нар өөрсдөө хуралдана гээд хойшлуулаад төдийлөн дорвитой хариу өгч, хөдлөхгүй байгаа учир дахиад хөөцөлдөх хэрэгтэй байгаа. Тиймээс өөрсдийнхөө төлөө явцгаамаар байна” хэмээж байгаа аж.