06.11

Элэгний с вирусийн эсрэг эмийг 400 ам.доллараар худалдаалахаар боллоо

Эрүүл мэнд, спортын яам, АНУ- ын “Gilead Sciences” компанитай элэгний С вирусийн эсрэг Харвони эмийг Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Олон улсын стандартын шаардлага хангасан элэгний С вирусийн эсрэг Харвони эмийг дэлхийн зах зээлд 94 мянган ам.доллараар худалдаалдаг юм. Харин манай улсад онцгой хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээний эмийг 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар худалдаалхаар боллоо.

Энэ нь дэлхийн зах зээлд худалдаалж буй хамгийн доод үнэ юм байна. “Gile- ad Sciences” компанийн төлөөлөгч Арон Бритфорт “Бид тухайн улс оронд халдварын тархалт ямар байгаагаас шалтгаалан үнээ тогтоодог. Энэ бол дэлхийн зах зээлд тогтоосон хамгийн доод үнэ. Зөвхөн Монгол болон Египет улсад л хамгийн хямдаар нийлүүлж байна. Харвони эм нь АНУ болон Европт нийлүүлж байгаа стандартад нийцсэн оригинал бүтээгдэхүүн” гэв. Олон улсын зах зээлд маш өндөр үнээр худалдаалдаг уг эмийг гурван сар ууж байж курс эмчилгээ болдог аж. Курс эмчилгээнийхээ эмийг авахын тулд 1200 ам.доллар шаардлагатай болох юм. Тиймээс манай улсад ийнхүү хамгийн хямд үнийг санал болгож байгаа нь иргэд өөрсдийн зардлаар уг эмийг худалдан авахтай холбоотой ажээ.

 Манай улсад элэгний С вирусээр өвчилсөн 150 мянга гаруй хүн байдаг. Түүнээс нэн түрүүнд эмчлэх шаардлагатай 50 мянга гаруй хүн байгаа юм байна. Уг эмийг манайхтай ижил үнээр нийлүүлж буй Египет улсад сая орчим хүн элэгний С вирусээр өвчилсөн байдаг аж. ЭМС-ын сайд хэлэхдээ “Харвони эмийг эхний ээлжид тодорхой тоогоор оруулж ирнэ. Ингэхдээ энэ оны дөрөвдүээр улиралд оруулж ирхээр тооцож байгаа. Худалдаанд гарснаас хойш эмийн үнэ өсөхгүй, гэрээний дагуу 400 ам.доллараар худалдаалж, нийлүүлэлт тасрахгүй” хэмээн онцоллоо. Уг эмийг Монгол Улсад албан ёсоор ганцхан “Омбол” компани оруулж ирэх юм. орж ирснээр бүх эмийн сангаар худалдаалах аж. Элэгний С вирусээр тэтгэврийн насны болон амьдралын төвшин доогуур хүмүүс өвчилсөн байгаа учир хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгүүлэх талаар Засгийн газартай ярилцах юм байна.

М.ЭНХ