06.16

С.Эрдэнэ сайд суудлаасаа буух уу

Саяхан УИХ-аар Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэхүү тогтоолын төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч хэлэлцсэн. Тус бүлгийн дарга С.Бямбацогт  “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын 2.1.4-т эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насны доод хязгаар ижил байна гэж заасан нь нэг бол тэтгэвэрт гарах насыг урагшлуулах эс бол хойшлуулах болж байна. Хоёрдугаарт, тэтгэврийг тогтоохдоо цалингийн 2.5 хувиар тооцдог. Гэтэл энэ бодлогод тэтгэврийг тогтоохдоо цалингийн 2 хувиар тооцох болж байна. Ажил олгогчоос төлдөг НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ бүхнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дахин ярих шаардлага байсан ч байнгын хороо хуралдаагүй” гэж байв.

Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн насыг тэд болгоно гэж хуульчилсан зүйл байхгүй. Ер нь тэтгэврийн шинэчлэлийг хийхгүй бол оройтоод байна. Хагас хуримтлалын тогтолцоонд 2012 онд шилжих ёстой байсан ч шилжээгүй, 2020 онд бүрэн хуримтлалтын тогтолцоонд шилжинэ гэсэн өнөөг хүртэл хагас тогтолцоонд шилжиж чадаагүй. Ийм байдалтайгаар тэтгэврийн шинэчлэл хийх боломжгүй. Насны тухайд бодлогод зарчим байдлаар орсон байсан. Хасъя гэтэл хасагдаагүй редакцийн алдаа болсон байх” гэх хариулт өгсөн байдаг. Үндсэндээ дээрх асуудал батлагдахаасаа өмнө нэлээд хэл ам дагуулж байсныг дурдах нь зүйтэй.

Улмаар  эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг ижил түвшинд авч үзэх ингэхдээ эмэгтэйчүүдэд хөнгөлөлт үзүүлэх байдлаар сонголтоо хийх боломжийг нь олгосон байдлаар заалтыг томъёолж, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Гэтэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг нэлээд шүүмжлэл дагуулахад хүргэж байсан дээрх тогтоолын төсөл батлагдсан ч асуудал дуусаагүй бололтой. Учир нь С.Эрдэнэ сайд суудлаа өгч магадгүй болох нь. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс “Манай бүлэг цалин, тэтгэврийн зээл болон малчны зээлийн хүүг бууруулах санаачилга гаргасан. Гэвч энэ асуудал өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Нийгмийн даатгалын сангийн 532 тэрбум төгрөгийг арилжааны банкинд 10 хувийн хүүтэй байршуулдаг. Энэ нь Монголбанкны бодлогын хүүгээс 3 хувь, арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүүгээс 6 хувь бага байна. Ингэснээр хүүгийн зөрүүнээс 32 тэрбум төгрөг алдаж байна. Тиймээс ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг огцруулах асуудлыг хөндөх болно” хэмээн мэдэгдсэн юм. Ямартай ч энэ асуудал хэрхэн эцэслэгдэхийг харах л үлдлээ.

Г.НАРАН