Янз бүрийн өдөр тутмын хэрэглээний зүйлсийг мэдрэгчээр ажиллуулах “Internet of Things” апп энэ зун далайн эрэгт хэрэглэгдэх бололтой. Өмсөж буй хүндээ нарны тосоо түрхэх тохиромжтой цагийг заадаг ухаалаг усны хувцас зохион бүтээгджээ. Энэхүү усны хувцсыг Францийн “Spinali Design” компани зохион бүтээсэн бөгөөд хэт ягаан туяаг мэдрэгч зөөврийн төхөөрөмж зэрэг дагалдах хэрэглэгдэхүүнийхээ хамтаар 140 еврогийн үнэтэй юм байна.
Хэрэглэгчийн арьсны төрөл болон наранд арьсаа хэр хэмжээнд борлуулахыг хүсч байгаагаас шалтгаалан ухаалаг утсанд нь нарны тосоо түрхэх цагийг мэдээлдэг аж.
Түүнчлэн, найз охиных нь нарны тосоо түрхэх цаг болмогц найз залуугийнх нь ухаалаг утсанд мэдээлэл ирэх “Valentine” гэх цэс ч байдаг гэнэ.
“Spinali Design” компани эрэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан туршилтын загвараа ч мөн гаргажээ. Хүүхдэд зориулсан ухаалаг усны хувцас нь наран шарлагын газар хүүхэд төөрөхөөс сэргийлэх GPS (байрлал тогтоох төхөөрөмж)-тэй аж.