Нэгэн үе Монголын Скаутын холбоог үүсгэн байгуулж, айлын бяцхан үрсээр хөөрхөн бизнес хийж явсан МСХ-ны Ерөнхийлөгч М.Есөнмөнхийг өнөөдөр Монголд танихгүй, мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Тэрбээр Москвад Комсомолын дээд сургуулийг одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, түүний найз С.Баярцогт нарын хамт дүүргэжээ. Чингээд зогсолгүй тэдэнтэй дотно нөхөрлөж, ялангуяа одоогийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын бизнесийг зохицуулагч нэгэн болов.
Энэ бүхэн ахархан хугацаанд Монгол байтугай Орос, Хятадын зарим нэг хотод байгуулагдсан Номадсын сүлжээ ресторанууд, Hotel Nine зочид буудлын сүлжээ, Номадс катерингийн үйлчилгээ зэргээс тодхон харагдана. Зүгээр нэг бизнес сэтгэлгээтэй аавын хүү баруун, солгойгүй аз нь шовойсон нэгэн шиг аашилна гэдэг Монголд бол бүтэхгүй зүйл.
Харин М.Есөнмөнхийн үйлчилгээний бизнес дэх энэхүү гялалзсан амжилт нь шуудхан түүний нууц ноёнтон болох С.Баярцогттой холбоотой ажээ. Зөвхөн Номадс катерингийн үйлчилгээ нь л гэхэд Оюутолгойгоос өдөр бүр өчнөөн олон арван мянган ам.долларын ашгийг олж байна гэж бодохоор хэр зэрэг мөнгө хийж байгаа нь түвэггүйхэн ойлгогдоно.
Тэрбээр сонгууль болмогц хайрт найз С.Баярцогтыгоо дагаж ерөнхий менежерийн үүргээ гүйцэтгэж, тэр ч бүү хэл Номадсын ажилтнуудаа хөдөө гадаагүй цөлж, сонгуулийн сурталчилгаанд нь ажиллуулсаар иржээ. Нэг нь улс төрөө, нөгөө нь бизнесээ дааж ирсэн багын хоёр анд эцэс сүүлдээ хэтэвч нэгтэй болж, өдрөөс өдөрт үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлсээр байна. М.Есөнмөнхийн хувьд Монголын Тогоочдын Холбооны ерөнхийлөгч болж, хөөрхий муу скаутуудаа ор тас мартсан нь түүний эрхэлж буй бизнестэй холбоотой юм. Нэгэнтээ шилдэг тогоочдын армийг толгойлж буйн хувьд өөрийнхөө хоолны сүлжээ газруудыг сайн тогоочоор хангах асуудлыг тэрбээр түвэггүйхэн шийдэж чадсан нь түүний толгой хэр зэрэг ажиллаж буйг харуулна. Нөгөөтэйгүүр, М.Есөнмөнхийн Монголын үйлчилгээний салбарт оруулж байгаа гавьяаг үнэлэх нь зүйтэй мэт санагдана.
Тэрбээр санаачилсан ажлаа гардан гүйцэтгэх тал дээр гарамгай нэгэн агаад ажилчдадаа ч мөн өндөр шаардлага тавьдаг юм. Харамсалтай нь, сайны хажуугаар саар гэгчээр М.Есөнмөнхийн ажлын байран дээрх хүчирхийллийн талаар жирийн үйлчлүүлэгчид яахин мэдэх билээ дээ. Тэрбээр өөрийнхөө удирдлагад ажиллаж буй менежерүүдээс авахуулаад цэвэрлэгчийг хүртэл зад загнах нь бүү хэл уур нь хүрсэн үедээ үсэртэл нь алгадаж, цохиж, занчиж, элдэв хараалын үг урсгах нь энүүхэнд байдаг гэнэ. Энэ бүхнийг даван туулсан “зовлон нэгтүүд” боломжийн ажлаасаа халагдчихгүйн тулд аанай л нэг захирлынхаа эвийг нь олж өдөр хоногийг өнгөрөөдөг ажээ. Харахад дөлгөөхөн түүний хувьд ажлын хариуцлага тооцохоосоо илүү хувийн шинжтэй арга хэмжээ авч албатуудаа номхруулдаг талаар салбар салбарын менежерүүд нь ам уралдан ярьсаар байна.