Энэ зун зуслангийн үйл ажиллагаа хожуу эхлэхээр болсон. Учир нь улаанбурхан өвчний тархалт их байгаа учраас зуслан эхлүүлэх хугацааг хойшлуулжээ. Энэ сарын 20-ныг хүртэл зусланг нээхгүй гэх шийдвэрийг гаргаад байгаа.
Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын мэдээлж буйгаар одоогоор зуслангуудад шалгалт хийж эхэлжээ. Энэ жилийн хувьд халдварт өвчний тархалт их учраас зуслангийн эрүүл мэндийн хуудсанд зарим өөрчлөлтүүдийг оруулжээ.
Тодруулбал, Өмнөх жилүүдэд иргэд бүртгэл хийлгэснийхээ дараа эрүүл мэндийн хуудсаа өгдөг байсан. Тэгвэл энэ жилээс иргэд хүүхдээ зусланд бүртгүүлэхээр ирэхдээ эрүүл мэндийн хуудсаа бөглүүлж авчрах хэрэгтэй гэдгийг санууллаа. Эрүүл мэндийн хуудсыг child.gov.mn эндээс татаж авах боломжтой гэнэ.
Эрүүл мэндийн хуудсыг хувийн эмнэлгүүдээр бөглүүлэхгүй. Заавал өөрийн оршин суугаа дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр бөглүүлэн, тамгуулах ёстой аж. Иргэдийн хувьд дүүргийн эмнэлэг очертой гэх шалтгаанаар хувийн эмнэлгээр тамга даруулах явдал байдаг. Тэгвэл энэ жилээс зөвхөн дүүргийнхээ эмнэлгээр л бөглүүлэх шаардлагыг тавьж эхэлжээ.
Иргэд зуслангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын www.child.gov.mn сайт руу орж, зуслан гэх холбоосоор авах боломжтой юм байна. Дээрх зүйлсийг бүрдүүлсэн бол хүүхдээ зусланд амраахад бэлэн боллоо гэж ойлгож болох аж. Энэ жилийн хувьд зуслангийн дундаж үнэ 175 мянган төгрөг, хүүхдүүдийн ихээр сонирхдог “Найрамдал” зуслангийн хувьд 120-199 мянган төгрөгийн хооронд үнэтэй байгаа гэнэ.