06.18

Гишүүд “Том төслүүд яах вэ, эхлээд АТГ-ын амыг бариатахъя” гэсэн бодолтой байна уу

“Монгол Улсын эдийн засаг хүндэрлээ, том төслүүдээ хөдөлгөх цаг боллоо” гэх үгсийг олон нийт сонссоор одоо бараг чихэнд хоногшсон гэхэд болно. Ингэж яригдсаар багагүй хугацаа өнгөрсөн ч мөнөөх том төслүүдийн сураг алдраад байна. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-аас томилсон ажлын хэсэг Тавантолгойн гэрээг буцаах тухай мэдэгдлээ. Ингэснээр үндсэндээ Тавантолгойн асуудал хаврын чуулганд амжихаа нэгэнт өнгөрсөн бололтой. Тэгэхээр сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа ирэх намрын чуулганд гишүүд “амь орж” хууль бөөндөх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна.

    УИХ-ын гишүүд улс орны асуудалд хайнга хандаж, хууль батлалцахад автоматаар кноп дардаг гэх шүүмжлэл байнга гардаг. Гэтэл “өөрсдөд” нь ашигтай зүйлд хайнга хандах битгий хэл хоёр гараа өргөн дэмждэгийг хоёр хоногийн өмнө хуралдсан хууль зүйн байнгын хорооны хурлаас харж болно. Тухайн хурлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилж, УИХ-ын даргад энэ сарын 47-нд өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг  хэлэлцсэн. Түүний хувьд сэмхэн санаачилсан хуулиа Засгийн газарт ногоон гэрлээр оруулж, УИХ-ын түвшинд хүргэж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас ч дэмжлэг авчихаад байгаа тухай юм.

Тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр байнгын хорооны гишүүд АТГ-аас Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг салгахыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр гараа өргөцгөөсөн. Сүүлдээ байнгын хорооны хуралдаан биш АТГ-ын даргыг шүүх хурал болох шахсаныг олон нийт мэдэж байгаа. Н.Алтанхуягийн санаачилсан хууль батлагдвал АТГ-ыг хүчгүйдүүлэх “увидастай”. Авлига өгсөн, авсан, зуучилсан гэх хэргийг л тус газарт үлдээнэ. Эрх мэдэлтнүүдийг ангуучлаад буй албан тушаалын гэх хэргүүд цагдаагийн байгууллагад шилжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төрийн бус нэгжийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжих, хээл хахуул өгөх, авах, зуучлах, мөнгө угаах гэх гэмт хэргүүд бүгд АТГ-ын эрх мэдлээс гарна гэсэн үг. Ийнхүү нөхөд өөрсдийн арьсаа хамгаалсан хуулийн төслийг дэмжсэн хэрэг.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “АТГ хээл хахуультай тэмцэх байгууллага болж хувирна” хэмээсэн ч тусыг эс олсон. Хамгийн инээдтэй нь хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Н.Алтанхуяг гишүүний хуулийг дэмжиж байгаа. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргын хувьд над дээр гомдлууд ирсэн. Жишээлбэл, Н.Алтанхуяг тавдугаар сарын 8-нд энэ хуулийг санаачилсан. Г.Дэнзэн тавдугаар сарын 21-нд баривчлагдаж байгаа юм. Н.Алтанхуяг гишүүний өөрийнх нь ХОМ-т байдаг эзэмшилд 22-нд АТГ-ынхан нэвтэрч байгаа юм. Нэвтэрч орсон үйл ажиллагаатай холбоотой Халдашгүй байдлын дэд хороонд гомдол бичиг ирсэн. Үүнийг бид АТГ-ын зохих албан тушаалтнуудыг байлгаж байж дүгнэлт хийнэ гэсэн бодолтой байгаа” гэх зэргээр үг хэлсэн нь хэн нэгэн хүний эзэмшилд нэвтэрсний төлөө хууль санаачилж тухайн байгууллагыг боомилдог болох муу жишиг тогтоохоор байгаа юм.

    Нэгэн үе “АТГ том тулуудыг барьсангүй. Авлигын асуудалд жижиг жараахайнуудыг хөөцөлдлөө” хэмээн ам уралдан шүүмжилдэг байсан нөхөд өдгөө нөгөөх тулууд нь баригдаад эхлэхээр ийнхүү сандарч эхэлсэн бололтой. Ямартай ч Н.Алтанхуягийн өргөн барьсан бариад 10-аадхан хонож байгаа хуулийн төсөл байнгын хорооны дэмжлэг авч хаврын чуулганаар батлагдчихаар ирээдүй харагдаж байна. Гэтэл хэдэн сар, жилийн өмнө өргөн баригдсан мөнөөх том төслүүдийн сураг алдраад удаж байна. Тэгэхээр гишүүд эхний ээлжинд “Том төслүүд яах вэ, эхлээд АТГ-ын амыг барья” гэсэн тактиктай ажиллаж байгаа бололтой.

Г.НАРАН