06.19

Х.Тэмүүжин: Шинэ сайд бүх тавилгаа сольсон шалтгаанаа ингэж тайлбарласан ухаантай юм уу

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байх үедээ “Сайдын ажлаа хүлээлгийн өгөхдөө тун ч эвгүй, урьд хожид байгаагүй дурсамжийг үлдээн өрөөгөө орхисон нь Засгийн газар огцрох сургаар Хууль зүйн сайдын өрөөг өөрийн гараар түйвээсэн явдал юм. Төрийн маш чухал албан хэргийг шийдэж байсан энэ “ховор” ширээ сандлыг эвдэж, түйвээн, тааралдсанаа авч шидэж, хивсэн дээр нь шүлсээ хаялан танхайрсныг тус яамны зарим ажилтгууд нотлон ярьдаг. Мөн дараагийн сайдыг угтахын өмнө болж бүтэхээрээ засаж тохижуулах, засах аргагүй болгосныг нь шинээр худалдан авах гэж нэлээд сандарцгаасан гэдэг” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа юм.

Тэгвэл Х.Тэмүүжин гишүүн энэ талаар “Шинэ сайд өрөөнийхөө тавилгыг шинэчилж, сольсон шалтгаанаа ингэж тайлбарлах юм уу? Гүтгэхдээ ч мэргэшсэн хүмүүс шүү!”, “Энэ бас ямар учиртай гүтгэлэг юм бол. Шинэ сайд бүх тавилгаа сольсон шалтгаанаа ингэж тайлбарласан ухаантай юм уу” хэмээсэн байна. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, өнөөгийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарын хооронд “дайн” дэгдэж, сүүлийн үед бие бие рүүгээ хатуу үгс шидлэх болсон. Ямартай ч Х.Тэмүүжинг төрийн байгууллагад танхайрсан гэх мэдээллийг тэрбээр гүтгэлэг гэж үзэж байгаа аж.