НҮБ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн саналыг хүлээн авч, жил бүрийн зургадугаар сарын 21-ний өдрийг олон улсын Иогийн өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр маргааш тохиох бөгөөд дэлхий нийт анх удаагаа Иогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 7000 жилийн тэртээ Энэтхэгт анх ууссэн энэхүү дасгалын ач холбогдлыг нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий тэмдэглэлт өдрийг угтан энэтхэгчүүд бэлтгэлээ базааж байна.
Зарим олон улсын хэвлэлүүд ч энэтхэгчүүд эл өдрөөр дэлхийд рекорд тогтоох олон нийтийн хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж байна хэмээн дамжуулж байгаа юм. Ямартай ч одоогийн байдлаар Ерөнхий сайд Нарендра Модигийн удирдлаганд явагдах нийслэл Дэли хотод болох гол арга хэмжээнд 35 мянган оюутан, цэрэг, албаны хүмүүс оролцоно гэсэн тооцоо гараад байгаа юм байна. түүнчлэн, Энэтхэгийн 675 дүүргийн 650-д нь Иогийн үйл ажиллагаа зохиогдох бөгөөд нийт 300 сая рупигийн зардал гарна гэсэн тооцоо гарчээ. НҮБ-ын гишүүн орнуудад ч иогийн арга хэмжээ болох юм.
Харин манай улсын хувьд Чингисийн талбайд маргааш иогчид цугларч анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх аж. Өнөөгийн нийгэмд эрүүл, зөв амьдрахыг хүссэн хүн бүр иогоор хичээллэх болжээ. Иог нь хүний сэтгэхүй, биед эерэгээр нөлөөлдөг учир тууштай хичээллэсэн хүмүүс аливаа өвчнөөс ангижирч чаддаг байна.